УИХ-ын чуулган ирц бүрдээгүй учир хойшиллоо

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэх товтой байсан ч ирц бүрдээгүйгээс дөрвөн цаг гаруй хугацаанд саатлаа. Хэлэлцэх зургаан асуудал хүлээж байхад гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулган хуралдаж чадсангүй.

УИХ-ын дарга С.Бямбацогт дөрвөн цагийн турш ирц бүрдэхийг хүлээсний эцэст хуралдааныг хойшлуулах болсноо мэдэгдэв.

Тэрбээр “Ирвэл зохих 126 гишүүнээс 63 гишүүн 50 хувь нь бүрдсэн байна. 50+1 хувийн ирцээр хурал эхлэх ёстой. Ирцдээ орсон, ороогүй гишүүдийн мэдээлэл нээлттэй байгаа. Эндээс УИХ-ын гишүүдийн хэн нь ажлаа хийх гэж хичээж байна, хэн нь ард түмнээ бодохгүй ажлыг гацааж хуралдаа суухгүй байна гэдгийг харж байгаа байх” гэсэн юм .

skip-share

Үндэсний эвслийн дөрвөн гишүүний хэн нь ч хуралдаанд оролцоогүй байна.

Өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийн 68 гишүүнээс 49, АН-ын бүлгийн 45 гишүүнээс тав, ХҮН намын найман гишүүнээс долоо, Иргэний зориг ногоон намын дөрвөн гишүүнээс хоёр нь ирсэн байна. Харин Үндэсний эвслийн дөрвөн гишүүний хэн нь ч хуралдаанд оролцоогүй байна.

УИХ-ын албан ёсны ирцийн бүртгэлээр нийт 126 гишүүний 63-ынх нь ирсэн цаг бүртгэгдээгүй байна. Үүнээс 48 гишүүний хувьд ирц бүртгэгдээгүй шалтгааныг тайлбарлаагүй байна.

Ирц бүртгэгдээгүй, шалтгаан нь тэмдэглэгдээгүй 48 гишүүн:

О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, Б.Батбаатар, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ж.Батсуурь, Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Э.Болормаа, Х.Болормаа, Г.Ганбаатар, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, Б.Жаргалан, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, Ч.Номин, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, С.Одонтуяа, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, М.Сарнай, Ц.Туваан, Б.Түвшин, Б.Тулга, Х.Тэмүүжин, А.Ундраа, Г.Хосбаяр, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Ч.Лодойсамбуу.

Харин ирцийн бүртгэлд шалтгаанаа тодорхой тэмдэглүүлсэн гишүүдээс:

  • Эмнэлгийн чөлөөтэй: Ц.Мөнхбат, Ж.Баясгалан, М.Ганхүлэг, Б.Пүрэвдорж, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд
  • Чөлөөтэй: Б.Мөнхсоёл, Б.Бейсен
  • Гадаад томилолттой: П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Дэлгэрсайхан, Дав.Цогтбаатар
  • Орон нутгийн томилолттой: Ш.Бямбасүрэн, Д.Жаргалсайхан, С.Замира

Ийнхүү нийт 63 гишүүний ирсэн цаг бүртгэгдээгүйгээс 48 нь ямар нэгэн шалтгаангүйгээр ирцэд ороогүй байна.

Харин өнөөдрийн чуулганаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах, шинэ томилогдсон Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөхөөс гадна төсвийн тогтвортой байдал болон 2027 оны төсөвтэй холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байв.

Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой хуулийн төслийн үргэлжилсэн хэлэлцүүлэг болон 2027 оны улсын төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслүүдийг хэлэлцэх байлаа.