Жеффри Эпштейнтэй холбоотой сонсголд оролцогчдыг аравдугаар сарын 2-ны 17:00 цаг хүртэл бүртгэнэ

Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тодруулбал, сонсгол “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн дор явагдах ба сонсголын бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг sonsgol@parliament.mn цахим шуудангаар ирүүлнэ.

Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно. Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Оролцогчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.