БАРИМТ: Аймгийн арслан Б.Бат-Оршиход А сорьц танилцуулалгүй Б сорьцыг устгасан зэргийг шүүхээс тогтоож “Харцага” цолыг сэргээх шийдвэр гарсан ч цолыг нь сэргээгүй хэвээр байна

2020 оны Улсын баяр наадмаар Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших зургаа даван, Улсын харцага цолын болзол хангаж байсан билээ. Гэтэл түүнийг допинг хэрэглэсэн хэмээн үзэж барилдах эрхийг нь 11 сараар хасаж, харцага цолыг нь хураасан байдаг. Харин 2026 онд тэрээр гомдол гаргаж “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”, болон “ Спортын Арбитрын шүүх” хандсан байдаг бөгөөд шүүхээс “Процедурын ноцтой ноцтой алдаа гаргасан” хэмээн эцэслэн шийдвэрлэж цолыг нь сэргээхээр болсон ч Б.Бат-Орших одоог хүртэл аймгийн арслан цолтойгоо хэвээр байгаа юм.

2020 онд ковидын үеийн наадам болж Төв аймгийн Эрдэнэ суманд бөхийн барилдаан зохион байгуулагдсан байдаг. Тухайн наадмаар аймгийн арслан цолтой байсан Б.Бат-Орших нь Улсын заан Д.Анараар дөрөв, Улсын начин Ц.Сандагдоржоор тав, Улсын даян аварга Б.Орхонбаяраар зургаа давж харцага цолын болзол хангаж долоогийн даваанд өвдөг шороодсон. Долоогийн даваанд өвдөг шороодсоны дараа Б.Бат-Оршихоос шинжилгээ авсан бөгөөд энэ цагаас эхлээд зургаан жилийн турш шийдэгдэхгүй явсан тус асуудлын эхлэл тавигдсан байдаг.

-“АЯТАЙХАН БАЙЖ БАЙГААД 11 САРААР ЭРХЭЭ ХАСУУЛААД ДАРАА ЖИЛИЙН НААДМААР БАРИЛДАХАА БОД” ГЭЖ НАДАД ХЭЛСЭН-

Б.Бат-Орших манай сайтад өгсөн ярилцлагадаа, “Цол хүртсэний дараа допингийн шинжилгээгээ өгөөд хариу нь есдүгээр сард гарсан байдаг. Намайг есдүгээр сарын 5-ны өдөр ХЗДХЯ дээр дуудаж байна гэхээр нь очсон чинь “Өөрөө допинг хэрэглэсэн байна” гэж хэлсэн. Гэтэл надад шинжилгээний хариу гээд зүгээр л албан бичиг өгсөн. Миний хувьд жүдо бөхийн төрлөөр олон улсын тэмцээнүүдээр барилдаж байсан болохоор шинжилгээний талаар сайн мэднэ л дээ. Сэргээшийн бодис илрээгүй бол тухайн бөхөд мэдэгдэл ирдэггүй юм. Би өөрөө олон улсын тэмцээнд яваад шинжилгээ өгөөд үзчихсэн байсан болохоор албан бичгээр надад хариуг танилцуулах ёсгүй гэдгийг мэдэж байсан.

Иймд би ХЗДХЯ-наас шинжилгээний хариуны эх хувилбарыг өг, тэгэхгүй бол би итгэхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл ХЗДХЯ Допингийн эсрэг үндэсний төвөөс хариугаа аваарай гэж хэлсэн. Тухайн байгууллага руу очиход эхний өдөр хүнгүй байсан. Харин хоёр дох өдөр очоод уулзсан чинь “Манай байгууллага шинжилгээний хариуг танилцуулах эрх байхгүй” гээд буцаасан.

Энэ мэтчилэн А сорьцынхоо эх хувь, хариуг авахын тулд ийш тийшээ явсаар байтал Б сорьц авах 14 хоногийн хугацаа чинь дууслаа гээд залгахаар нь би “А сорьцын хариуг бүрэн эхээр нь хараагүй байж Б сорьцыг өгөх үндэслэл байхгүй” гэж хэлээд удаагүй цахимаар Б.Бат-Оршихын барилдах эрхийг 11 сараар хаслаа гэж мэдэгдсэн байдаг.

Үүний дараа Үндэсний бөхийн салбар хорооны нэг ажилтнаас асуусан чинь, “Аятайхан байж байгаад эрхээ 11 сараар хасуулаад дараа жилийн наадмаар барилдахаа бод” гэж хэлсэн. Би тухайн үед дараа жилийн наадмаар барилдах юм байна, цол хураахгүй юм чинь гээд хэлсэн хугацаанд нь барилдаагүй” хэмээж байсан юм.

-ХОЁР УДААГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР Б.БАТ-ОРШИХЫН ЦОЛЫГ СЭРГЭЭХ БОЛСОН Ч ОДООГ ХҮРТЭЛ ХЭРЭГЖЭЭГҮЙ-

Энэ үйл явдлын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сард түүний цолыг хураасан учир Б.Бат-Орших шүүхэд гомдол гаргасан байдаг. Харин шүүхээс, “Допингийн шинжилгээний хариу, намайг шийтгэж, цолын хураах болсон бичиг гээд бүх зүйл байхгүй” байна гэсэн бөгөөд ингээд түүний хувьд А сорьцын шинжилгээний хариугаа авахаар хөөцөлдөж эхэлсэн байгаа юм. А сорьцын хариугаа бүрэн эхээр нь зөвхөн харахын тулд түүний хувьд таван жилийн зарцуулсан талаараа ярьсан байдаг. Гэтэл допингийн шинжилгээний А сорьцын хариуг тухайн тамирчинд гарсан даруйд нь танилцуулах дүрэмтэй байдаг бөгөөд Б сорьцыг өгөх талаар бүрэн хамтарч ажиллах ёстой гэж заасан байдаг.

Б.Бат-Орших нь таван жилийн дараа удаан хөөцөлдсөний эцэст А сорьцын шинжилгээний хариуг харахад илэрсэн бодисийг түүний бие өөрөө ялгаруулсан гэсэн бичиг байсан. Иймд түүний хувьд Б сорьцоо дахин шинжлүүлэх хүсэлт гаргахад Б сорьцыг Б.Бат-Оршиход мэдэгдэлгүйгээр нотлох баримтыг устгаж процетурын ноцтой зөрчил гаргасан нь Спортын Арбитрын шүүхээр тогтоогдож байжээ. Ийнхүү шүүхээс түүний “Харцага” цолыг сэргээхийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо, Үндэсний баяр наадмын Бөхийн салбар хороонд даалгасан.

Гэвч тус шүүхийн тогтоол хэрэгжихгүй байсан тул дахин “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-д хандаж дахин “Б.Бат-Оршихын харцага цолыг сэргээ” гэсэн шийдвэрийг 2026 оны гуравдугаар сарын 30-нд гаргаж байжээ.

.Харин Б.Бат-Орших энэ талаар, “ХЗДХЯ зарим ажилчид энэ хугацаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байдаг. Өгсөн мэдүүлэгт нь “Б.Бат-Орших 2020 онд шинжилгээтэйгээ танилцалгүй зугтаасан, дуудаад ирээгүй, Б сорьцын шинжилгээ өгөхгүй гэсэн” гэж хэлсэн байдаг. Ингээд мэдүүлэг зөрсөн учир Арбитрын шүүх ХЗДХЯ-ны архивд үзлэг хийнэ гээд үзлэг хийхэд надад шинжилгээний хариу танилцуулсан баримт, Б өгөхгүй гэсэн бичиг гээд ямар ч зүйл байгаагүй учраас ХЗДХЯ-ны гэрчүүд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдоод би ялсан байдаг. Ингээд миний харцага цолыг сэргээх шийдвэрийг Арбитрын шүүх гаргасан. Гэтэл ХЗДХЯ өөрсдийн бурууг хаацайлахын тулд цол сэргээж өгөхгүй байна” хэмээсэн байдаг.

Товчхондоо, Б.Бат-Оршиход А сорьцыг танилцуулаагүй, Б сорьц өгөх боломж олгоогүй байж цолыг нь хураасан, таван жилийн дараа А сорьцтойгоо танилцахад өөрийнх нь биеэс ялгарсан бодис байсан бөгөөд Спортын Арбитрын шүүхээс цолыг нь сэргээх шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байсан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж дахин цол сэргээх шийдвэр гарсан хэдий ч одоог хүртэл түүний цолыг олгоогүй байгаа юм.