Биндэр сумаас 14 шуудай хөнөөлт шавжийн өндөг, хаягдал цуглуулжээ

Хэнтий аймгийн Биндэр сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойн санг хамгаалах зорилгоор Өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүж устгах ажил үргэлжилж байна.

Тус ажил аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд нийт 1,000 га талбайд найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 14 шуудай эрвээхэйн өндөг болон холимог хаягдлыг түүж, устгахаар цуглуулаад байна.

Ажлын явцад Биндэр сумын ЗДТГ, сум дундын ойн ангийн мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.