Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн “Нийгэмшил, сэтгэл хөдлөл” хичээл судалж эхэлнэ.
Боловсролын сайд Ц.Энх-Амгалангийн мэдээлснээр тус хичээл нь хүүхдэд өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах зэрэг амьдралын суурь чадвар эзэмшүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийг “Би”, “Бусад”, “Бид” гэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлж, нийт зургаан хүрээ, 24 чадамжийг эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, сурагчид өөрийн мэдрэмжийг таньж, зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, энэрэнгүй хандах, зөрчил маргааныг зөв шийдвэрлэхэд суралцах аж.
Хичээлээр “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ” зэрэг сэдвийг судална.
Мөн уг хичээлийг заах багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэж, сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгох юм байна. Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулсан бөгөөд хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг сургууль, гэр бүл хамтран дэмжихээр төлөвлөжээ.
Хичээлийн нэг онцлог нь сурагчдыг зөвхөн эзэмшсэн мэдлэгээр нь бус, хөгжлийн түвшин, ахицаар нь үнэлэх юм. Ингэснээр багш нар хүүхэд бүрийн 24 чадамжийн хөгжлийг ажиглаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх аж.
Өмнө нь нийгэмшил, сэтгэл хөдлөлийн боловсролын агуулга төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт тусгайлан хэрэгжиж байгаагүй бөгөөд зарим төрийн бус өмчийн сургуулиудад хэрэгжиж ирсэн туршлагатай байна.