Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын улмаас замын хөдөлгөөнд оролцож чадаагүй өдрүүдийг тооцож, дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх санал дэмжигджээ.
Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох, НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолд нэмэлт оруулах саналыг хэлэлцэн дэмжсэн байна.
Одоогийн зохицуулалтаар иргэд авто зам ашигласны төлбөрийг бүтэн жилээр төлдөг. Гэвч эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тохиолдол гардаг. Иймээс долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад үед хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан өдрийн тоотой уялдуулан дараа жилийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр санал боловсруулжээ.
Түүнчлэн COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр зохицуулалтын үеэр 14 хоног хөдөлгөөнд оролцож чадаагүй тээврийн хэрэгслүүдийг хөнгөлөлтөд хамруулах саналыг мөн дэмжсэн байна.
Нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлогын хэмжээ ч сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд тус санд 211.9 тэрбум төгрөг төвлөрсөн нь 2024 оны гүйцэтгэлээс 141.2 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин өссөн үзүүлэлт юм.
Харин 2026 онд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрөөс нийт 240 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний есөн сарын байдлаар 204 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Уг саналыг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөнд оролцох эрх нь түр хугацаагаар хязгаарлагдсан иргэдийн төлсөн төлбөрийг бодит ашиглалтын хугацаатай нь уялдуулах боломж бүрдэх юм.