Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнэ “дүүдээ” туниж амжив.
Тэрээр өөрийн твиттэр хуудастаа “Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд,сайд,дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэжээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлдээ “Ц.Элбэгдорж найзуудтайгаа нийлж “United friends” гэдэг компанийг байгуулж, мөнгө угаасан нь тогтоогдсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн компаниудын эрэмбийг тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон. Монгол Улсын талд зардлыг өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь тогтоогдоод байна. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа” хэмээн ярьсан.
Мөн тэрбээр цааш ярихдаа “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан хаана байна. Одоо ирж нэн даруй шалгуулахыг шаардаж байна. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй. Тэд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ” хэмээсэн юм.