Зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, болон Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлийн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид оролцож хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Уг зөвлөгөөнөөр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн буюу шатдаг хий, моторын түлш, био түлш, утаагүй түлш гаргах эко, ногоон технологийг нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэх аж.
Эрдэмтдийн зөвлөгөөнийг нээж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай. Иймд бид эдийн засгийн нэг тулгуурт бодлогыг баримталж ажиллаж байна. Монгол улс туйлын мэдрэмтгий эдийн засагтай гэж хэлж болно. Нэг өдөр эдийн засаг 17,5 хувь хүртлээ өсөж байхад нөгөө өдөр нь 0 хувь хүрэх магадлалтай.
Иймд бид эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлийг гаргаж ирэхдээ энэ газрын нөөц баялгаа ашиглах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид “Эрдэнэс-Тавантолгой” хийгээд бусад стратегийн ордуудыг эдийн засгийн төрөлжилт рүү зарцуулах шаардлага бий болоод байна. Ингэхдээ бид энэ түүхий эд болох бараа бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж худалдаалах нь ашигтай. Жишээлбэл өнөөдрийн байдлаар нүүрсний түүхий эдээ 70-75 ам.доллар аар худалдаалагдаж байна. Хэрэв нэмүү өртөг шингээвэл 130-150 ам.долларт хүрч эдийн засаг нэг дахин нэмэгдэх юм. Үүнийг бид өнөөдөр эрдэмтдийн зөвлөлтэйгөө хэлэлцэх гэж байна. 1072 хувьцааны ногдол ашгийн талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр хэлэлцээд Засгийн Газарт өргөн мэдүүлж болно. Иргэд олон нийт хувьцааны ногдол ашгийг зарим хэсэг нь авах нь зүйтэй гэж үзэж байхад зарим хэсэг нь худалдаж инновацийн нэмүү өртөг шингээх, хувьцаагаа нэмэгдүүлэх тал дээр анхаарцгаая гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн өнөөдрийн зөвлөгөөнөөр шинэ технологи нэвтрүүлэх цахилгаан хангамж, Өмнөговийн ус хангамж, эдийн засгийн асуудал, нүүрсний эцсийн бүтээгдэхүүн, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаарх энэ чухал илтгэлүүдийн шийдлийг гаргаж Засгийн Газарт зөвлөмж болгож гаргаасай хэмээн хүсэж байна”. гэлээ
ОДООГООР 1072 ХУВЬЦААНЫ НЭГЖ ҮНИЙГ ТООГООР ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Ер нь бол инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр төвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. Хуулиараа бол 50 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллага шийдвэрлэх заалт бий. Энэ хүрээнд Засгийн газрын төвшинд ярьсан зүйл байгаа. Ер нь бол аудитын тайлангийн дараа манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл тайланд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. Одоогоор бол иргэдийн 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүй байна. Учир нь Үндэсний аудитын газраас баталгаажсан тайланг Татварын ерөнхий газраас баталгаажуулдаг. Манай компанийн хувьд 2010 оноос хойш хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлэн 2016 он хүртэл ашиггүй ажилласан. Харин 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Засгийн газрын эрх хэмжээнд 1072 хувьцааг 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох, хувьцааны хэмжээг нэмэх эсэхийг шийдвэрлэнэ. Яагаад гэвэл төр компанийн 85 хувийг эзэмшиж байгаа шүү дээ” гэв.
Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллахаар болсон талаар Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг: “Тус компани өнөөдөр нээлттэй компани болж, Монголд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Гэхдээ Тавантолгойн нүүрс түүхийгээрээ, уул уурхайн бүтээгдэхүүнүүд баяжмал хэлбэрээрээ ногдол ашиг олж болно. Тэгэхээр эрдэмтэдтэй хамтран ажилласнаараа уул уурхайн гүн боловсруулалт хийх, Монголын эрдэмтэд өөрсдийн гэсэн шинэ технологи нэвтрүүлэх, олж буй ашгаа гурав дахин нэмэгдүүлэх, үнэлэмж нэмэгдүүлэх замаар эдийн засагт хувь нэмэр оруулах бололцоо нэмэгдэж байна. Манай эрдэмтдийн зөвлөлөөс ажиллаж байгаа багт химийн нарийн мэргэжлийн эрдэмтэд олон бий. Иймд бид нүүрс химийн цогцолбор байгуулах санал дэвшүүлэх хэлэлцэж байна. Мөн нүүрсийг гүн боловсруулалт хийж, 200-300 бүтээгдэхүүн хийх боломжийг харж байна. Үүнд бордоо, эм, шатдаг хий, гэх мэт санаанд оромгүй бүтээгдэхүүнийг гаргаж болно. Эхний ээлжид бид энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээр нь бид уурхайн ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Цаашдаа технологид суурилсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Б.Бадралмаа
- АРДЧИЛАЛ.МН