“Эрдэнэс тавантолгой’ компани мэдлэгийг нутагшуулахын төлөө эрдэмтэдтэй хамтран ажиллахаар боллоо

Тодорхой цаг үед манай улсын төсвийн орлогын 60 хувийг бүрдүүлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн байр суурийг эзлэн орж ирж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол Улсын хамгийн ач холбогдол бүхий компани болж хөгжлийн түүчээ болох ирээдүй ойрхон байна гэж эдийн засагч Х.Батсуурь тодорхойлов. Тиймээс жинхэнэ утгаараа олон нийтийн нээлттэй хувьцаат компани болох ажлаа төлөвлөсөн ёсоороо хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тэрээр өчигдөр болсон “Эрдэнэс Тавантолгой, инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр хэлсэн юм.

Өнгөрсөн оны долдугаар сард 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон, үүний 20 саяыг нь сүүлийн хоёрхон жилд олборлож чадсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлэл хамгийн халуун сэдвүүдийн нэг болоод байна. Тун удахгүй олон улсын зах зээлд IPO гаргаж, иргэддээ 1072 хувьцааных нь ноогдол ашгийг тарааж эхэлнэ гэж Засгийн газраас мэдэгдээд байна. Өнгөрсөн жилд “Оюутолгой”-той орлогоороо зэрэгцэж ирсэн тус компани төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн асуудлуудаа шийдчихвэл борлуулалтын орлого нь 2-3 дахин нэмэгдэх боломжтойг эдийн засагч Х.Батсуурь танилцуулсан юм.

Тиймээс энэ оныг “Эрдэнэс Тавантолгой” компани бүтээн байгуулалтын жил болгон зарлажээ.

МОНГОЛЫН ЭРДЭМТДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛТЭЙ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭВ

Энэ хүрээнд түүхэн гэж хэлж болохоор нэгэн үйл явдал болсон нь тус компани эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгуулсан юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ нь улс орны хөгжлийн гишгүүр байдаг ч өнөөг хүртэл дорвитой дэмжлэг авч чадахгүй байсаар ирсэн шинжлэх ухаан, инновацийн салбарыг бодитоор дэмжсэн, эрдэмтдийн шүүгээндээ хадгалсан бүтээл, оюун ухаан, хөдөлмөр зарцуулан хийсэн судалгаа, төслүүдийг бодит амьдралд хэрэгжүүлэх томоохон алхам болсныг зөвлөгөөнд оролцогчид онцолж байв.

Гадаад, дотоодын 800 гаруй доктор гишүүнтэй Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлд Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС зэрэг их, дээд сургуулийн академич, багш, судлаачид харьяалагддаг байна. Эрдэмтэд “Эрдэнэс Тавантолгой” компанитай ийнхүү хамтран ажиллах болсон нь шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны анхны бодит алхам боллоо гэж зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг хэлэв. Мөн уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон талаар зөвлөгөөний нээлтэд оролцсон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан юм. Тэрээр “Бид хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо маш чухал” гэв.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл уул уурхайн компанитай хамтран ажиллах анхны санамж бичгээ ийнхүү байгуулсан бөгөөд энэ онд дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний чиглэлээр болон уурхайн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр голчлон хамтран ажиллах юм байна. Мөн олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргана гэлээ.  Мөн цаашид Эрдэнэт үйлдвэр, улмаар Засгийн газар УИХ-тай бодитоор хамтран ажиллахаар болсноо мөн дуулгалаа.

“ХЭРЛЭН ГОВЬ”, “ОРХОН ГОВЬ” ТӨСЛИЙГ ДЭМЖИХИЙГ ХҮСЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” компани инновацийн бүтээл, эрдэмтдийн санал бодлыг сонсох тус зөвлөгөөнийг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Шинжлэх ухааны академи болон их, дээд сургуулийн доктор, профессорууд нүүрснээс шатдаг хий, метан гаргах, мөн нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гаргах технологи, кокс, химийн үйлдвэр барих, өмнийн говийн ус хангамжийн асуудал, шийдвэрлэх арга зам, уурхайн нөхөн сэргээлт, элсний нүүдэл, ногоон говьд тарих мод сөөгний төрөл зэрэг сэдвүүдээр 11 илтгэл сонсч, харилцан ярилцлаа.

Энэ дундаас оролцогчдын сонирхлыг татаж байсан зарим илтгэлүүдээс хүргэе. Шинжлэх ухааны академийн академич Б.Авид нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гаргах талаар сонирхолтой илтгэл тавьсан. Түүхий нүүрснээс байгалийн хий гаргаж авснаар утааны асуудлаа шийдэх боломжтой. Гэхдээ юуны өмнө хийн аж үйлдвэр хөгжөөгүй байгаа учраас химийн суурь аж үйлдвэрээ хөгжүүлж эрчим хүч, дулаанаа үйлдвэрлэх боломжтойг тэрээр тайлбарлав. Түүнчлэн бидний олон жил ярьж буй нүүрсийг коксжуулах, хийжүүлэх технологийн талаар туршлага хуваалцсан юм. Тэгвэл  академич С.Батмөнх  “Эрдэнэс-Тавантолгой” компанийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан. Цаашид “Эрдэнэс-Тавантолгой” компани түүхий нүүрсийг боловсруулах бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүч, усны хангамж чухлаар тавигдах болно. Говийн нутаг дэвсгэр цахилгаан эрчим хүчний хангамж дутагдалтай газар. Тийм учраас нүүрснээс хий гаргах зэрэг бусад төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дагалдах эрчим хүчийг ашиглаж болно. Тухайлбал, хийн цахилгаан станц баригдах асуудлыг ярьж байгаа талаар мэдээлэл өглөө.

Говь нутагт усны асуудал хамгийн чухал. Тэгвэл сүүлийн 14 жил өмнийн говийн ус хангамжийн асуудлыг шийдэх боломжтой “Хэрлэн говь”, “Орхон говь” төслүүдийг ярьж, хөөцөлдөж байгаа “Усны үндэсний төв” ТББ-ын дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг энэхүү зөвлөгөөнд илтгэл тавьсан. Тэрээр дээрх хоёр төслийг танилцуулаад нийтдээ 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлсэн. Гэхдээ эхний ээлжинд төслийн судалгааг яаралтай эхлүүлж, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийхэд шаардлагатай байгаа гурван сая ам.долларыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” компаниас хүссэн юм.

Ийнхүү эрдэмтдийн үгийг нэг дор сонсох боломжийг олгосон “Эрдэнэс Тавантолгой, инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөн үр дүнтэй болж өнгөрлөө. Энэ талаар талуудын байр суурийг хүргэж байна.

Б.Ганхуяг: ИННОВАЦИ ШИНГЭСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛ БИЗНЕСИЙН ЗОРИЛГО МӨН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал

-Ер нь инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани эрдэмтэн, судлаач нартайгаа хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, тэдний санаа, бүтээлийг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ ажил бодитоор хэрэгжиж байгаагийн тод жишээ нь өнөөдрийн байгуулсан хамтран ажиллах санамж бичиг юм.

Б.Авид: ШИНЖЛЭХ УХААН, МЭДЛЭГ ШИНГЭЭГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЭД БАЙНА

ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич

-Монгол Улсын нөхөн сэргээгддэггүй баялаг болох нүүрс, зэс бол хөгжлийн гарц гэдэг нь ойлгомжтой. Нүүрс, зэсэнд суурилсан өндөр технологийн аж  үйлдвэрийг хөгжүүлж байж бид урагшлах нь гарцаагүй. Тиймээс физикчид, химичид, эрчим хүчнийхэн гээд энэ салбарын эрдэмтэд олон жил оюун ухаанаа уралдуулж, бүтээл, судалгааг хийсээр ирсэн. Гэхдээ бид суурь аж үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр цаашид явахгүй гэдэг нь харагдаад байна. Манай улсын инновацийн хөгжил дэлхийд хойгуур байгаагийн шалтгаан нь бидний үйлдвэрлэж, экспортолдог бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадварын хувьд доогуур байгаатай холбоотой. Учир нь бид нэмүү өртөг, шинжлэх ухаан, мэдлэг шингээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нийт бүтээгдэхүүний 90 хувь нь технологи шингээгүй байна. Эрдэмтэд, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Гаднаас томоохон зөвлөх уриад хурал хийгээд өнгөрдөг биш бид дотроо сайтар ярилцаж ойлголцох хэрэгтэй юм.

Ш.Түвдэнбалжир: ЭРДЭМТЭД СУДАЛГААГАА ШУРГУУЛГАНААСАА ГАРГАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛЛОО

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал

-Энэ бол зүгээр нэг санал санаачлага биш нийгмийн зайлшгүй захиалга байсан. Монголд 6000 гаруй доктор, 300-400 орчим шинжлэх ухааны доктор байна. Тэдний 10 мянга оюуны бүтээл архивт байна. Зөвхөн нүүрсний чиглэлээр гэхэд 1960 оноос хойш хийж ирсэн төсөл, судалгаанууд бий. Энэ бол зөвхөн хоёр байгууллагын хоорондох асуудал биш юм. Үүний цаана ард түмний, улс орны асар том эрх ашиг байгаа. Ямартай ч өнөөдөр шинжлэх ухааны салбарт томоохон дэвшил авчирсан үйл явдал боллоо. Цаашид хоёр байгууллага хэрхэн хамтран ажиллах болон инновацид оруулах хөрөнгийн хэмжээ зэргийг нарийвчлан төлөвлөгөөний дагуу тогтооно.  Амин чухал асуудал болсон боловсон хүчин бэлдэхэд анхаарч ажилллана. Эрдэмтдийн судалгаа шургуулганаасаа гарах эхний алхам боллоо.

Б.Төгс