Гуравдугаар сарын 22-ны байдлаар цагдаагийн байгууллагаас цахим орчинд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг түгээсэн 8 иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн дөрвөн иргэнд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэмээн Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор ажиллаж байгаа юм.
Дээрх иргэд цахим орчинд
- “11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутанд”,
- “Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу… KFC ажилтан өндөр халуурч эхэлжээ”,
- “Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлэгийнхэн авч явж байна”, “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа” зэрэг худал, ташаа мэдээллүүдийг нийтэлж, олон нийтэд түгээжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч, иргэдийн зүгээс энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусны нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл: Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл:Худал мэдээлэл тараах
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.