УИХ-ын гишүүн Б.Батзориг дөнгөж сая бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Тиймээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэх бололтой.
Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлвэл МАН-аас гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлж буй гурав дахь гишүүн болох юм.
Өмнө нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга гишүүн хүчингийн хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж улмаар шүүхээс хоёр жилийн ял авсан.
Мөн МАН-аас УИХ-д сонгогдсон Н.Номтойбаяр төр нийгмийн нэрт зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсаны амиа алдсан хэрэгт худал мэдээлэл өгсөн зэрэг асуудлаас үүдэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч журмын нөхөд нь түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь түүнийг гэм буруугүй гэдгийг шүүхээс тогтоовол тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээж болох юм.
Б.Батзоригийн хувьд ХХААХҮ-ийн сайд байхдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.