С.Сүхбат: Үе дайрсан гэмтлээ тухайн үед нь эмчлүүлэхгүй явснаас үе солиход хүрдэг

ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн 3-р тасгийн эрхлэгч С.Сүхбаттай ярилцлаа.

-Сүүлийн үед хөгшчүүлээс гадна залуусын дунд өвдөгний үе өвдөх өвчин ихсэх хандлагатай байна. Өвдөгний үе үрэвсэх, өвдөхөд нөлөөлж байгаа шалтгаан юу байна вэ?

-Хамгийн том шалтгаан нь нэгдүгээрт үе дайрсан гэмтэл.Энэ гэмтлээ цаг тухайн үед нь эмчлүүлээгүйгээс улбаалж урт хугацааны дараа буюу 5-8 жилийн дараа өөрчлөлт явагдаж өвдөлт бүр ихэсдэг.

Мөн тодорхойгүй  байдлаар өвдөг өвдөж байгааг дэлхий нийт бодисын солилцооны алдагдалтай холбож үздэг. Тухайлбал сахар ихтэй, хэт их таргалалттай, байнгын буруу зуршилтай буюу архи уудаг хүмүүсийг хамгийн их өртөж байна гэж үзэж байна.

-Ямар тохиолдолд өвдөгний үе солих мэс засал зайлшгүй хийгдэх үү?

-Ямар нэг өвдөлт намдаах эм уугаад тухайн өвдөлтийг намдааж чадахгүй болчихсон, мөн тухайн хүн өөрөө өөртөө үйлчилж чадахаа болих буюу алхаж гишгэхэд хүндрэл үүсч нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээ буюу үе солих, шинэ үе суулгах хагалгаа хийгддэг.

-Тухайн үе суулгахад ашиглагдаж буй суулгац улс орноосоо шалтгаалаад өөр өөр байгаад байх шиг байна?

Америк, Солонгос, Хятад гээд олон улс уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ Хятад зэрэг зарим улсад тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх лицензийг худалдаж аваад хямд өртгөөр үйлдвэрлэж буй газрууд ч байна. Энэ хагалгаа өндөр өртөгтэй хагалгаа. Тиймээс бид хүний биед тохируулж судалгаа шинжилгээ хийсэн, үйлдвэрлээд олон жил оршин тогтнож байгаа үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгодог. Учир нь хэдэн жилийн дараа тэр хүн дахин үе солиулахад тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнд тохируулж ясыг нь хэлбэржүүлсэн байдаг. Тэр материал нь олдохгүй болчихвол тэр хүний үений ясанд дахиад гэмтэл учруулах шаардлага тулгардаг. Тодруулбал дахиад өвдөгний ясыг өөр үенд тааруулах хэрэгтэй болдог.

Хятадын хямдхан 100 мянган төгрөгийн үнэтэй ч үений суулгац бий. Ийм хямд үнэтэй өвдөгний үеийн материал тавих тохиолдол зарим хувийн эмнэлэгт байна.

Тэгээд эмнэлэг татан буугдчихсан, хаанахын ямар материал тавиулснаа тухайн хүн нь мэдэхгүй, карт дээр нь ч ямар нэг бичилт хийсэн зүйл байхгүй хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст тавьсан суулгацыг нь хайгаад олохоор үйлдвэрлэл нь зогссон байдаг. Машинаар бол тухайн хүнд таарах сэлбэг нь олдохоо болчихож байна гэсэн үг. Ийм тохиолдолд тухайн хүний ясанд дахин гэмтэл учруулах шаардлагатай болдог.

-Үе солиулсан хүн хэдэн жил тухайн үетэйгээ явах боломжтой вэ?

-15-20 жил гэж үздэг ч 10-15 жил явах боломжтой. Ийм төрлийн хагалгаанд орсон хүмүүс байнга хяналтад орж, үзүүлж байдаг л даа. Энэ хагалгаа өөрөө өндөр өртөгтэй хагалгаа шүү дээ.

-Одоогоор хичнээн хүнд энэ төрлийн хагалгаа хийсэн бэ?

-2007 онд өвдөгний үе солих хагалгаа эхэлсэн. 5-6 мянган хүнд ийм төрлийн хагалгаа хийгдсэн байх.

-Гадаадад өвдөгний үе солиулаад ирсэн хүмүүс хэр их байна?

-Гадаадад үе солиулсан, Монголд солиулсан ялгахгүйгээр бид хянаад явдаг. Гадаадад үе солиулаад хяналтад явдаг хүмүүс бий. Тэдгээр хүмүүс хамгийн гол нь ямар улсын үений материал суулгуулснаа тодорхой мэдэж ирэх шаардлагатай. Учир нь тус үеийг дахин солих шаардлага гарвал бид түүнийг нь мэдэж байж тохирсон дараагийн үеэр нь сольдог.

-Тэдгээр хүмүүсийн карт дээр нарийн бичигдэж ирэх үү?

-Ирдэг.

-Өвдөгний үе солиход ямар нэг хүндрэл гардаг уу?

-Хүндрэл тохиолдоно. Нийт хийсэн хагалгааны 1 хувьд нь хүндрэл гарч байсан. Тухайн иргэнд тавьсан өвдөгний үе харшил өгөх зүйл гарч дахин хагалгаанд оруулж өөр материал тавигдах тохиолдол байсан.

-Энэ төрлийн хагалгааг өндөр настай хүн хийлгэж болох уу?

-Нас харгалзахгүй. 90-н настай хүн ч хийлгэж байна.

-Хагалгаа хийлгэж болохгүй заалттай хүн байдаг уу?

-Байна. Хавдар, зүрх судасны хурц дутагдалтай хүн. Мөн сахартай хүнийг бол тодорхой хэмжээнд эмчилгээ хийж байж оруулдаг.

-Орон нутгаас ирж үе солиулах хүсэлтэй хүмүүс ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-13А маягттай хүнийг хүлээж авдаг байсан. Одоо орон нутгаас ирж байгаа хүмүүсээс нэхээд байхгүй байгаа. Харин УБ хотын иргэд дүүргээсээ 13А маягт авч ирэх ёстой.

-Эмч нараа хэрхэн яаж бэлтгэдэг вэ?

-Анх бол гадаадад сургаж байсан бол одоо өөрсдөө залуу эмч нараа сургаж эхэлсэн. Мөн гадны улс орнуудаас эмч нарыг авч ирж сургалт авах, хамт хагалгаанд орох зэргээр мэргэшиж байна.

-Нэг хөлний өвдөгний үе солих хагалгаа хэдэн төгрөгөөр хийгдэх вэ?Ямар ямар хөнгөлөлт авч болдог юм бэ?

-Нэг хөлний үе солиход 8 сая орчим төгрөг байдаг. Иргэн 25 хувь төлөөд бусад зардлыг нь  Эрүүл мэндийн даатгалаас гаргадаг. Мөн иргэн зуун хувь төлбөрөө өөрөө гаргаад халамжаас 75 хувийг нь буцаан авч болно.

-Тэгэхээр 25 хувь нь иргэнээс гарна гэхээр 2 сая орчим төгрөг гарна гэсэн үг үү?

-1.8 саяас 1.9 сая орчим мянган төгрөг иргэнээс гарна.

-Одоо Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй хагалгаа хийгдэж байгаа юу?

-Хийгдэж байгаа.

-Иргэд өвдөгний үе солиулахгүйгээр тариа хийлгэдэг гэж бас сонсож байсан.

-Эмчилгээний нэг арганд өвдөгний үе рүү тариа тарих ордог байсан. Гадаад улсад ч өргөн хэрэглэдэг. Гормон тарьдаг. Гормонд үений өвдөлт, үрэвслийг намжаадаг үйлчилгээ байна гэж үзсэн. Өвдөгний үеийн хөдөлгөөний алдагдлыг олон улсад дөрөв хуваадаг. Энэ тариаг нэг, хоёр, гуравдугаар үеийн эхэн үед таривал маш үр дүнтэй гэж үздэг.

Ярилцсан баярлалаа.