ЭЕШ-д бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн.
Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг өчигдрөөс эхлэн танхимаар олгож эхэлсэн бөгөөд анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна. Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлээд буй юм.
Мөн “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон.