Дөрвөд түмний өлгий нутаг Дөргөн сум 2019 оны ажлын үзүүлэлтээрээ Ховд аймгийн тэргүүний сумаар шалгарсан. Энэхүү шагналыг covid 19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гардуулаагүй байсныг өнөөдөр/2020.05.12/ аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал П.Улаанхүү, аймгийн Засаг даргын тамгын газрын Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Нохойжав, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбаяр, Ховд аймаг дахь Дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Алтансүх нар гардуулан өглөө.
Шагнал гардуулах ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, Засаг даргын орлогч Т.Дариймаа, Засаг даргын тамгын газрын дарга Б.Баттогтох болон төрийн байгууллагын менежерүүд, багийн Засаг дарга нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү шагнал нь Дөргөн сумын 64 жилийн түүхэнд 2 дахь удаагаа ажлын амжилтаараа Ховд аймагтаа тэргүүлсэн түүх болж байна. Өмнө нь 1960 оны үед Дөргөн сум социалист уралдаанд амжилттай оролцож тэргүүлэн шилжин явах улаан тугийн эзнээр тодорч байсныг төр, захиргааны ахмад ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт З.Баасандорж гуай энэхүү ёслолын үеэр дурссан юм.
Дөргөн сумын удирдлагууд шагналыг гардан аваад хэлсэн үгэндээ энэхүү шагнал нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, ард олны минь сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл, нутаг орноо гэсэн халуун сэтгэлийн нэгдэл гэдгийг онцоллоо. Дөргөн сум 2019 онд Соёлын төв болон халуун усны барилгыг шинээр ашиглалтанд оруулж, төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтын системд холбон, сумын төвийг камержуулах, төв талбай, хүүхдийн тоглоомыг талбайг засварлан тохижуулах, сургууль, цэцэрлэгийн гадна талбай, сургалтын орчинг сайжруулах, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх, хөдөө аж ахуйд чиглэсэн худаг ус гаргах, мал угаалгын ванн, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болсон зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2020 онд Эрүүл мэндийн төвийн болон Өв соёлын өргөөний барилга, 75-ын байрны засвараас гадна хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.