Нийслэлд хүний нүүр царайгаар таньдаг ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Ирэх аравдугаар сар гэхэд эхний 2000 камерыг суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
-Улаанбаатар хотыг камераар бүрэн хянадаг болно гэсэн. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хэчнээн камер суурилуулах вэ?
-Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үеийн камерын системтэй болох гэж байна. Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил 2000-аад камерыг суурилуулах төлөвлөгөө гараад байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор замын хөдөлгөөний таван хувийг камераар хянаж байна. Харин 600 камер нэмж суурилуулахад 28 хувийг хянаж чаддаг болно. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.
Цаашдаа 2021 онд хотын сууршлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байгаа.
-Одоогоор хэчнээн камер ажиллаж байна?
-Улаанбаатар хотод 311 км/кв сууршлын бүс байдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 3600 камерийг нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр суурилуулсан байна. Эдгээрээс одоогоор 40 гаруй хувь нь эвдэрч, ажиллагаагүй болсныг шалгаж тогтоолоо. Технологийн хувьд хуучирсан, техникийн хугацаа дууссан гээд янз бүрийн шалтгаантай. Очоод үзэхээр камер байдаг боловч дүрс байдаггүй, дүрс байсан ч чанарын шаардлага хангадаггүй болсон байна. Уг нь бүгд ажиллаж байсан бол 3600 камер нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10-аад хувийг хянах байсан гэсэн үг л дээ.
-Ухаалаг камер нь нүүр царайгаар таних боломжтой гэсэн. Технологийн давуу талуудыг танилцуулахгүй юу?
-Хүний царай таних, царай нь харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг олон талын давуу талтай ухаалаг систем юм. Дэлхийн хотуудад ашиглаж байгаа, туршигдаж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Саяхны жишээ хэлэхэд, Хятадад эрэн сурвалжлагдаж байсан этгээд нуугдаад яваад байхад л камераар шүүгээд 30 минутын дотор барьсан тухай мэдээ CNN-ий мэдээгээр гарч байсан. Улаанбаатар хотын сууршлын бүсийн 80 хувийг хянадаг болоход мөн гэмт хэргийн илрүүлэлт ийм хэмжээнд хүрэх юм. Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг ийм систем байгаа.
-Одоо бэлтгэл ажил нь ямар шатандаа явж байна вэ?
-Одоо энэ ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийж дууслаа. Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтраад аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төрлийн камер байршуулах вэ, хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд ямар төрлийн камер хэрэгтэй вэ гэдэг ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болгосон. Одоо үндсэн ухаалаг систем болох камераа сонгох ажлууд ид явагдаж байна. Камер сонголт хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас гадна манай Шинжлэх ухааны академи, мэдээллийн технологийн салбар, гадны эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон мэргэжлийн баг хамтран үндсэн системээ сонгох ажил явагдаж байна.
Төлөвлөгөөгөөр энэ сардаа багтаад камер суурилуулалт угсралтын ажил хийж эхэлнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд төслийн маань нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.
-Камерын хяналтыг яаж хийх вэ. Одоогоор байгууллагууд тусдаа камерын хяналтын системтэй байгаа юу?
-Камерын ухаалаг систем дээр суурилсан Нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий л асуудлыг цогцоор нь хянаж ажиллана. Гэхдээ тагнуул, цагдаа, онцгой байдлын газар дээр давхар камераа хянаад одоо байгаа удирдлагын төвүүд нь хуучнаараа ажиллана.
-Хувийн хэвшлийн байгууллага болгон орчноо хянадаг камертай байгаа. Энэ камерын системийг нэгтгэх үү?
-Шинэ журмаар, нэг объект ашиглалтад орлоо гэхэд тухайн байгууллагын камерыг цагдаагийн байгууллагаар дамжуулан шинэ удирдлагын төвтэй холбож хяналт тавина. Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж байгаа болон шинээр ашиглалтад орж байгаа хувийн байгууллагуудын хяналтын камерыг улс авч дүрсийг нь ашиглаж, хянадаг нэг системтэй болно. Манай байгууллагаас мэдээллийг нь боловсруулах, ухаалаг системийн технологиудыг нь нэвтрүүлэх, тооцоолол хийх, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бүрдүүлж ажиллаж байна. Камерын системийг ашиглагч байгууллага нь хүчний байгууллагууд юм.
Эх сурвалж: Х.Цэнд-Аюуш