ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 17. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеийг энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.