Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгуультай холбоотой долоон гэмт хэргийн мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, Цагдаагийн байгууллага тав, Тагнуулын байгууллага хоёр гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай, бусад нь бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гэсэн гомдол, мэдээлэл байгаа аж. Дээрх асуудлыг шалгаж байгаа гэдгийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээллээ.
Мөн иргэд, хуулийн этгээдээс сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй нийт 80 гомдол, мэдээллийг гаргасан ба 78.8 хувь нь Нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн зөрчлийн 50 гаруй хувь сонгуулийн санал хураалтын өдөр бүртгэгджээ.