УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай’ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ.
Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө’ цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол’ танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол УИХ-д тангараг өргөнө’ хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.
Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгагджээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолыг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор УИХ-д Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг УИХ товлон тогтооно’ гэж заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, УИХ тогтоол баталсан билээ.