Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн ажилтантайгаа үнсэлцэж байсан зургийг Sun хэвлэл нийтэлсний дараа тэрээр огцрох өргөдлөө өгчээ. Тавдугаар сарын 1-нд хэвлэл мэдээллийнхэн Мэтт Хэнкок, Жина Коладанжело нарыг Ерөнхий сайдын өргөөнөөс хамт гарч байхыг анзаарчээ. 43 настай Хэнкок эхнэр гурван хүүхэдтэй бол Жина Коладанжело мөн гэр бүлтэй аж. Зургаадугаар сарын 25-ны өдөр Хэнкок болон Жина Коладанжело нарын тэврэлдэн үнсэлцэж байсан зураг ил болж шуугиан тарьсанаар дээрх сайд огцорчээ.
Хэнкок, Коладанжело нар Оксфордод хамт сурч байхаасаа хойш бие биеэ мэддэг болжээ. 2020 оны есдүгээр сараас хойш Коладанжело Эрүүл мэндийн яамны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд жилд 15 мянган фунт стерлингийн цалин авч байжээ. Энэ нь Лондоны дундаж цалингаас бараг гурав дахин бага цалин юм байна.
Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Миний хувийн амьдрал анхаарал бага татаж, энэ хямралаас гарах бидний хамгийн гол зорилгод саад бүү болоосой гэж хүсэж байна. Би дүрэм зөрчсөндөө, мөн гэр бүл, ойр дотныхныгоо ийм байдалд оруулсандаа уучлалт гуйж байна. Ийм цаг үед би хүүхдүүдтэйгээ байх хэрэгтэй’ хэмээн ерөнхий сайд Борис Жонсонд огцрох хүсэлтээ илгээхдээ дурджээ.
Эрүүл мэндийн шинэ сайдаар 2019-2020 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, мөн өмнө нь Дотоод хэргийн сайд байсан Сажид Жавид томилогдсон байна.
Эх сурвалж: ВВС