Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд гурван өдөр болно. Зодоглох бөхчүүд долдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд Монгол Бөхийн өргөөнд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авах юм байна. Мөн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан бичгээ заавал шалгуулах ёстой аж.
Түүнчлэн цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 2021.07.10-ны өглөө 08.00 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явах бөгөөд нэг, хоёрын даваанд өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаах юм байна.
Бөхийн барилдааныг энэ сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явуулахаар болжээ. Тодруулбал, Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт шинэчилсэн дүрмээр явах аж.