ШӨХТГ-ын ЦАВЧДАГ ДАРГА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Лоозон шиг нэртэй энэ агентлагийг үеийн үед популистууд толгойлжээ. Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуулиас гадна Монгол хэлний тухай хуулийг ч бас хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын дарга нар цавчихаас өөрийг хийж харагддаггүй юм.

Мулгуу дээрээ мунатай

ШӨХТГ-ын сахиулах хууль жилээс жилд нэмэгдсээр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль ороод есөд хүрчээ. Уул нь шударга бусаар, хууль зөрчин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг сүйтгэхээс хамгаалах л үүрэгтэй газар. Эрхэм зорилгодоо үүнийгээ яруу тод илэрхийлжээ. Гэвч хэзээд үл ханан гомдоллогч хэрэглэгчийн нэрийг барьж зах зээлийг бусниулахаас өөр гавьяа үнэндээ байгуулаагүй. Мулгуу дээр нь муна бариулав гэгчээр өнгөрсөн жил даргыг нь Улсын байцаагчаар өргөмжиллөө. Захиргааны шийтгэл ногдуулах; харж байгаад шийтгүүлэх; шаардлагатай баримт материал, эд зүйлийг хураан авах; үнэ төлбөргүй гаргуулан авах; хүссэн этгээдээ мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх бас “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” эдэлнэ. Харин “Хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах” ганцхан л үүрэг хүлээнэ. Ингээд хүссэн обьектдоо саадгүй нэвтрэх эрхгүй л болохоос бас нэг Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч төрсөн юм.

Ануд загнуулдаг ББ

Урьд урьдын дарга нар нь дээрх эрхийг эдэлсэн бол гэхээс нурууны хүйтэн хөлс аяндаа дааварлана. Одоох Б.Бат-Эрдэнэ хоосонгүй эр. Фэйсбүүкийн постуудаараа ном хэвлүүлж “ББ” нэрээр “алдаршсан” нөхрийн галзуу санаачилга мундахгүй. Б.Бат-Эрдэнэ сар бүрийн сүүлийн долоо хоногийн хоёр дахь өдрийг албан ёсоор “Даргаа загнах өдөр” болгосноо бахтай зарлаж билээ. “Дарга нарын буруу харилцаа, нийтлэг бус байдал, ажил дээр гарч буй асуудлууд байвал энэ өдөр бүх дарга нартаа нээлттэй хэлж, сануулж загнана. Дарга нар эсэргүүцэлгүй хүлээн авч, дүгнэлт хийх ёстой” юм гэнэ билээ. Гэхдээ өөрөө бол хэнд ч загнуулах хүн биш. Төдөлгүй МХЕГ-т шалгуулсан эсэх нь эргэлзээтэй төрөл бүрийн бараа орой болгон Фэйсбүүкээр борлуулдаг Ану хэмээх бүсгүйд төрийн эрх мэдлээ нэг өдөр шилжүүлчихсэн. Өөрөө туслахаар нь ажилласан юм гэдэг. Ямартаа ч МХЕГ-аас зөвшөөрөлтэй байх учиртай чихрийг бөөний худалдаанаас аваад зарж байсан ТҮЦ-ийг Фэйсбүүкээр бут ниргэсэн юм даг. Тэр өдөр жил тойрон даргын алба хашсан ББ өөрөө ч Анугаас банга хүртсэн нь гарцаагүй. Ер нь хүртэх ёстой л доо. Харин Ану өөрийгөө МХЕГ-ын дарга гэж андуурсан бололтой харагдана билээ.

Албаа ойлгоогүй албат

Улаанбаатар их сургуулийг түүх судлаачаар төгссөн Б.Бат-Эрдэнэ албан үүргээ хяналт, шалгалт хийх гэж ойлгодог. Ялангуяа зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрээр орох дуртай. Гэхдээ тэнд юуг хянаж бас шалгадаг нь бүрхэг. ШӨХТГ-ыг АНУ-ын Трастын эсрэг хуулийн Монгол хуулбар “Өрсөлдөөний тухай хууль”-ийг хэрэгжүүлэгч гэж бид нар ойлгодог. Жижиг бизнесийнхэн зах зээл дээр монопольт үнэ тогтоож чадна гэж үү? Түүнчлэн ШӨХТГ бол зах зээлийн төрөл зүйлээр дагнасан салбар салбарын экспертүүд мэргэжлийн шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт гаргадаг институц. Гэвч байгууллагын бүтцийг харвал сурталчилгаа, олон нийтийн хамтын ажиллагаа гэх пиарын гэмээр хоёр ч нэгжтэй. Ойрмогхноос Б.Бат-Эрдэнэ дарга ажил ихтэй. Шатахуун нийлүүлэгч 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 ШТС, 10 вагоноос нийт 76 дээж автал бүгд сувс байж гэнэ. Тэгээд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу есөн сая төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Бүр болоогүй шатахуун импортлогч зарим компаний тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналтай байгаа аж. ОХУ АИ-95, АИ-98 шатахууныхаа экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар болсноор манайд хомсдож үнэ огцом нэмэгдсэн энэ цагаар анхааралд өртөх гэсэн түүний санаа биелэсэн. Харин АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр МХЕГ-ын хийлгэсэн шинжилгээнд эргэлзэж буйгаа шулуухан хэлжээ. Б.Бат-Эрдэнэ 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан юм билээ. Популимзм, авлигын өртгийг иргэд төлдөг. ШӨХТГ-ын дарга популизм хийхийн хэрээр үнийн өсөлт инцфляци болж бидний нуруун дээр бууна гэсэн үг.

Зах зээлийн заналт дайсан

Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан болоод ингэж туйлаад яваа юм биш. Хамаг асуудал хуулинд л бий. Монгол Улс 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, 2010 онд Өрсөлдөөний тухай хуультай болсон.  Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт салбар дундын шинжтэй учраас нийтийн, эсвэл хувийн эрх зүйд дангаараа харьяалагдахгүй. Өрсөлдөөний тухай хуулийг үзвэл давамгай байдлаа хууль бусаар ашиглах (7 дугаар зүйл) гэснийг эс тооцвол дийлэнх нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэжээ. Шударга бус өрсөлдөөнөөс үүссэн үр дагаврыг арилгах зохицуулалтыг бүр орхисон. Өөрөөр хэлбэл шударга бусаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг сүйтгэснээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх заалтгүй. Зөвхөн ШӨХТГ торгох эрхтэй. Торгохоос бусдаар зах зээлийг огт хамгаалдаггүй. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд жагсаасан зөрчлүүдийг ШӨХТГ-аас тогтооход эрх зүйн ямар журам үйлчлэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд ч зохицуулаагүй. Гэтэл шударга бус өрсөлдөөн бусад зөрчлөөс онцлог, төвөгтэй, хэд хэдэн тусгай гүн мэдлэг, экспертийн шинжилгээ шаарддаг. Эдгээрийг манай хууль тогтоогчид анхаарсангүй. Галзуу хүний гарт нь мэс бариулаад л тавьчихаж. Ингээд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэдэг сайхан нэртэй ч чөлөөт зах зээлийн заналт дайсан бойжуулжээ. ШӨХТГ-ын Улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ таалагдсан “Ану”-тайгаа нийлж аваад чөлөөт зах зээлийг бензин шатахуунтай нь баруун солгойгүй цавчиж цавчиж ганц сайн “загнуулаад” явчихна. Удаах даргыг нь ч “Дараагийн Шагдар биш гэх баталгаа алга…”

Д.Батбаяр /baabar.mn/