Кёкүшюзан Д.Батбаяр түүний эхнэр Т.Баясгалан нарын залилангийн хэргийг энэ сарын 18-нд шүүнэ

Нийслэлийн Прокурорын газраас Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгаланд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18- ны өдрийн 10.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Сануулахад: Тэд 2014 онд дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Ахмадын амралт сувилын цогцолбор’ барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр Дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газрыг тухайн үеийн БОАЖ-ын сайд С.Оюунаас авчээ.

Гэвч авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьж, бусдад зарж, их хэмжээний мөнгө угаасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалган, яллагдагчаар татсан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгуйн тулд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батбаяр болон түүний эхнэр Т. Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Д.Гэрэл