Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолоор Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюутолгой уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 450 МВт-ын Тавантолгой дулааны цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр гаргасан.
Энэ дагуу Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр “Оюутолгой” ХХК болон оролцогч талууд үзэглэлээ.
“Тавантолгойн 450 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсоноор Оюутолгойн уурхайн БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно. Оюу толгой уурхайн эрчим хүчний оргил ачаалал нь 285 МВт, дундаж ачаалал нь 236 МВт байх ба Цахилгаан эрчим хүч авч эхэлсэнээс 20 жилийн хугацаанд энэхүү хэрэглээг хангахаар гэрээнд тусгагдсан.
“Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц” ашиглалтад орж, уг гэрээ хэрэгжиж эхэлснээр Оюутолгойн уурхайгаас цахилгаан эрчим хүчний төлбөрт гадагшаа чиглэсэн валютын урсгалыг дотооддоо үлдээж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэдгээрийг дотоодын эрчим хүчний системээс хангах ач холбогдолтой юм.