Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо танилцуулж байна. Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинд шар түвшинг шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоолыг хэлэлцэн баталлаа. Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт тунд 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдаж, халдвар хамгааллын үнэлгээнд тулгуурлан Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж буйгаа өнөөдөр зарлаж байна.
Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын бүхий л хязгаарлалт өнөөдрөө цуцлагдаж байна. Вакцины бүрэн тунд хамрагдсан хөрөнгө оруулагчид, жуулчдыг Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Харин вакцин хамрагдаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, хамрагдах боломж нээлттэй’ гэв.
Мөн ЗГ-ын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болгожээ.
Д.Гэрэлээ