Энэ удаагийн хуралдаанаар 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Мөн Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцжээ.
Өнгөрсөн онд иргэд газрын харилцаатай холбоотой 36 үйлчилгээг цахимаар авчээ. Ингэснээр 600 гаруй сая төгрөгийг бодитоор хэмнэсэн судалгаа гарсан байна.
Мөн 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс орон даяар мэдээллийн сан үүсгээд буй аж. Уг санд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн бүх хашаа, байшинг, бүртгэлжүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэрэг бүх хэсгийг хамруулан, нэр өгч хаягжуулжээ. Уг хаягжуулсан газруудад 2014 онд баталсан Монгол Улсын стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг эхлүүлэн, одоогоор 220 сумд хэрэгжүүлээд буй аж.
Тус хороо 14 хоног тутам хуралдахаар тогтжээ. Дараагийн хуралдаанаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Газрын багц хуулийн төслүүд, Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтсон байна.