Б.Лхагвасүрэн: Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дүрмийн сангаа нэмж чадахгүй бол татан буулгана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ. Тэгвэл дөрөв дэх сургалтыг өнгөрсөн долоо хоногт Монголбанктай хамтран сэтгүүлчдийн эдийн засаг, банк санхүүгийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-ОХУ, Украины асуудалтай холбогдуулан дэлхийн улс орнууд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авсаар байгаа. Үүнээс үүдэн цахим мөнгөний гүйлгээ зогсчихлоо.  Манай улс ОХУ-аас нефть, шатахууны 90 хувийн хамааралтай. МУ шатахууны 30 гаруй хоногийн нөөцтэй гэдгээ зарласан. Тэгэхээр ганц нефть гэлтгүй ОХУ-аас импортлодог бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоонд хүндрэл үүсэх байдал ажиглагдаж байна. Энэ асуудлыг шийдэх гарц гаргалгааг хэрхэн шийдэж байна вэ?

-ОХУ, Украины дайнтай холбогдуулан олон улсын байгууллагууд болон дэлхийн улс орнууд ОХУ-д янз бүрийн хориг арга хэмжээ авч байна. Зарим нь маш хатуу хориг арга хэмжээ авч байна. Зарим нь хагас хориг арга хэмжээ аваад цаашид хоёрын улсын асуудал хэрхэхээс чангаруулах уу гэдгээ шийднэ гэж мэдэгдэж байгаа ч улс орон байгаа.

Манай улс ОХУ-аас нефтийн бараг 100 хувийн хамааралтай. Нефть татан авах төлбөр тооцоогоо хэрхэн хийхүү гэдэгт асуудал гарч ирж байгаа. Бид маш их тооцоо судалгааг хийж байна.

АНУ-ын хувьд 8 төрлийн лицензний эрчим хүчийг үлдээгээд бусдыг нь хаачихсан байсан. Харамсалтай нь ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ дахин чангаруулж эрчим хүчний лицензээ оруулж байна гэдгээ мэдэгдлээ. Эрчим хүч дотор шатахуун, түлш ордог. АНУ хориг арга хэмжээндээ эрчим хүчийг оруулаагүй байхад манай улсад боломж байна гэж бид харж байсан бол одоо боломж хаагдаж байна.

Өнөөдрийн хувьд төлбөр тооцоогоо зогсоохгүйн тулд бид БНХАУ болон БНСУ-ын банкуудаар дамжуулж хийж байгаа. Хэрвээ эдгээр улсууд энэ долоо хоногт магадгүй ирэх долоо хоногт ч юм уу хориг арга хэмжээгээ чангаруулчихвал бидэнд үүсэх эрсдэл өндөр байна.

-Дээрх байдлаас шалтгаалаад рублийн ханш унавал манай улсад ямар нэг хохирол үүсэх үү?

– Ер нь ОХУ-тай хийж байгаа манай улсын гэрээ дандаа доллараар явагддаг. Рублиэр хийгддэггүй. Манай улс ОХУ-аас худалдаж авч байгаа нефть шатахуун, үйлдвэрлэлийн орц түүхий эдийн худалдан авалтаа дандаа доллараар хийдэг учраас тийм асуудал үүсэхгүй. МУ валютынхаа нөөцөө гадаад худалдаан дээр ашиглагддаг доллар, фаунт, евро зэргээр бүрдүүлдэг.

Капитал банк дампуурч хөрөнгийг нь битүүмжлэн хураах үйл явц үргэлжилж байх шиг байна. Тэгвэл Монгол банкны болзол шаардлага хангахгүй байгаа Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд ч эрсдэлтэй байгаа. Дээрх хоёр банк эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн мөнгө байршиж байсан нь ч ил болсон. Хэрэв дээрх хоёр банк дүрмийн сангаа 100 тэрбум болгож чадахгүй бол яах вэ?

-Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд дүрмийн сангаа 100 тэрбум болгож чадахгүй бол тэгээд татан буулгана. Бид өнөөдрийг хүртэл татан буулгахгүй ирсэн нь өр төлбөрийг нь өөрсдөөр нь төлүүлэх зорилготой байсан. Тодорхой хэмжээний өр төлбөр нь барагдчихсан. Ялангуяа Үндэсний хөрөнгө оруулалтын банк бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд өргүй болчихлоо.

-Үндсэний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд өргүй болсон ч Монгол банканд өртэй болчихлоо. Монгол банкны шаардлага шалгуур хангахгүй, эрсдэлтэй банк гэдгийг нь мэдсээр байж яагаад зээл олгочихвоо?

-Бид нар хүмүүсийн банканд байгаа барьцааг барьцаалаад зээл өгсөн. Тэр барьцаа нь манайд ирэх учраас барагдчихна. Банк 100 саяын барьцааг 50 сая болгож бууруулж барьцаалдаг бол Монгол банк бүр 30 сая болгож бууруулж барьцаалсан.

-Дээрх банкууд татварын өршөөлийн хууль гарахад татвараас зайлсхийсэн орлогоо ил болгож банкны дүрмийн сангаа нэмэх хүсэлт тавьсанг Монгол банк хүлээж аваагүй. Тэд дахин тэр орлогоороо дүрмийн сангаа нэмье гэвэл яах вэ?

-Энэ асуудал 2015, 2016 онд болсон. Дахин тэр орлогоороо дүрмийн сангаа нэмье гэхгүй байх гэж бодож байна. Хэрэв тийм зүйл болвол дахиад хүлээж авахгүй.

Д.Гэрэлээ