Э.Бат-Үүл өлсгөлөн зарлажээ

Хорих 409-р ангид хоригдож буй Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр өлсгөлөн зарлажээ. Өнгөрсөн онд шүүхээс түүнд дөрвөн жил ял оноосон юм. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан боловч түүний давж заалдах шатны шүүхийн тов гарахгүй удаж буй учраас ийнхүү өлсгөлөн зарлахад хүрсэн байна.

Сануулахад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг энэ сарын 7-16-нд хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

  • Э.Бат-Үүлд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах,
  • Б.Чулуудайд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгөөр торгох,
  • А.Гантулгад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
  • Т.Гэрэлт-Одод долоон сая төгрөгөөр торгох,
  • Д.Жаргалсайханд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох,
  • Ю.Алтангэрэлд 2 700 000 төгрөгөөр торгох,
  • Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэргээр тус тус шийтгэсэн.

Мөн иргэний хариуцагч Бэрэн ХХК-ниас 9 тэрбум төгрөгийг, шүүгдэгч А.Гантулгаас 210 651 500 төгрөгийг, шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120 096 500 төгрөгийг, шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10 500 000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэсэн билээ.

Д.Гэрэлээ