“Эхлэл”-ийн захирал Ч.Батзаяад зөрчлийн хэрэг нээжээ

“Эхлэл”-ийн захирал Ч.Батзаяад зөрчлийн хэрэг нээсэн байна. Учир нь “Эхлэл” брэндийн салбар  азтан шалгаруулах лайв хийж байх үед нь гаднаас багтаа залуус орж ирэн, лангуун дээрх бүтээгдэхүүнүүдийг хамж цүнхлэн гарч буй бичлэг өчигдөр цацагдсан.

Гэвч уг бичлэгийг пранк байсан гэсэн залруулгыг удалгүй гаргасан билээ.

Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсээс “Эхлэл”-ийн холбогдох хүмүүст зар сурталчилгаанд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж, олон нийтийн сүлжээнд түгээж гэмт хэргийн үйлдлийг сурталчилсан хэмээн зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулийн 32 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг: 32.6.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно.