Нью-Йорк хотод болсон зэвсэгт халдлагын үеэр 29 хүн шархаджээ

Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд мягмар гарагийн өглөөний 08.30 цагт зэвсэгт халдлага болов.

Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараа зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Тус хотод манай улсын 400 гаруй иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй болно. Иймд тус улсад суугаа монгол иргэд:

  • Шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх
  • Нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх
  • Хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс анхааруулав.