Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байгаа билээ.
Тариалангийн салбарыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХХААХҮЯ-аас “Атрын IY аян – Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулганыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган дараах салбар зөвлөгөөнүүдийн хамт үргэлжилнэ. Үүнд :
- Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн
- Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн
- Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн
- Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн
Үндэсний чуулган гурван өдөр үргэжлэх бөгөөд газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого, зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замууд, таримал ургамлын сортын салбарын эрх зүйн шинэчлэл, төрөөс олгож буй хөнгөлөлт, урамшуулал, тариалалтад баримтлах технологиуд, Монгол орны ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Зөвлөгөөнөөр гаргасан шийдвэрүүдийг нэгтгэн салбарын бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн 2021 онд төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 605.0 мянган тонн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.0 мянган тонн төмс, 118.0 мянган тонн хүнсний ногоо, 302.0 мянган тонн тэжээлийн ургамал, 53.0 мянган тонн тосны ургамал буюу нэгж талбайгаагаас улсын дунджаар 15.0 цн үр тариа, 91.0 цн төмс, 118.0 цн хүнсний ногоо, 28.0 цн малын тэжээл, 5.0 цн тосны ургамал тус тус хураан авсан бөгөөд үр тарианы нэг га талбайгаас аймгийн дунджаар Орхон аймаг 33.0 цн, Төв аймаг 19.4 цн, Өвөрхангай аймаг 18.7 цн ургац хураан авсан ажлын амжилт үзүүлсэн.
2022 онд 386.0 мянган га-д үр тариа, үүнээс 363.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.1 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 340.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.