Монгол малаа шүлхийгээс салгана

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг хуралдаж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан байна. Гаргасан шийдвэрээ өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор батлуулж Монгол Улсын Засгийн газарт чиглэл хүргүүлжээ.

Үүнд:

-Улсын хэмжээнд алдаад байгаа малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг дарах, урьдчилан сэргийлэхийн тулд энэ оноос эхлэн 3 жилийн хугацаанд тус өвчинд мэдрэмтгий бүх малаа улс даяар жилд 2 удаа вакцинжуулах /2022, 2023, 2024 онд/

-Гамшгаас хамгаалах тухай хууль, Мал эмнэлгийн тухай хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн орон нутгийн удирдлагын хариуцлагагүй байдлаас шалтгаалж халдварт өвчин тархсан тохиолдолд аймаг, сумын Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах

-Мал эмнэлгийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд бүх сумдад ариутгалын бодис, тоног төхөөрөмж /ДҮК машин/ бүрэн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах

-Малын тоо толгойн албан татварын 50-иас доошгүй хувийг малын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах

-Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, биобэлдмэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор Биокомбинат ТӨХХК-ий үйл ажиллагааг өргөтгөн, шинэчлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулах

-Малчдын өөрсдийн хариуцлагыг сайжруулах, халдварт өвчний тархалтыг таслан зогсоох зорилгоор отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх мал эмнэлгийн нэгдсэн бүртгэл хяналтын системыг боловсронгуй болгох

-Мал эмнэлгийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, хүний нөөц, батлагдсан сул орон тоог нөхөн бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх

-Мал эмнэлгийн байгууллагыг тусгайлсан чиг үүргийн байгууллагын жагсаалтад оруулах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Н.Уранзаяа