Булган аймгийн Хялганат тосгонд шилэн кабелийн өндөр хурдны интьернет суурилагдлаа

Монгол Улсын иргэн бүр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг оршин суугаа газар, орон зай, цаг хугацаанаас үл хамааран ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, мэдээлэл холбооны хамгийн найдвартай, түгээмэл үйлчилгээг авах эрхтэй байдаг. Тиймээс МУ-ын ЗГ-аас “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах 2025 он хүртэлх бодлого”-ын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг орон даяар нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байгаа аж. Энэ зорилтын хүрээнд Монголын цахилгаан холбоо ХК бүх нийтийн үйлчилгээний үүргийнхээ хүрээнд өрх бүрт шилэн кабель төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын 21 аймгийн алслагдсан сум суурин газарт оршин суугаа иргэдэд шилэн кабелийн өндөр хурдны интернэтийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд улсын хэмжээнд хоёрдох, аймгийнхаа хэмжээнд анх удаа шилэн кабелийн өндөр хурдны интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ нэвтэрч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцож, үг хэлсэн байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрсэнээр орон нутгийн иргэд хамгийн хямд үнээр хязгааргүй интернет үйлчилгээ авах, 96 сувгийг нөхөн үзэж болох телевиз, суурин утас хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Н.Уранзаяа