Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн талаар өнөөдөр /2022.10.28/ мэдээлэл хийлээ.
Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жил (2021-2022)-ийн хугацаанд гадаадын иргэн, хуулийн этгээдээс хөрөнгө оруулж хохирсон хэргийн судалгаагаар нийт 9 улсын /Япон, БНХАУ, АНУ, БНСУ, Израль, ОХУ, Швейцарь, Австрали, Англи/ 27 иргэн, 23 хуулийн этгээд хохирсон 55 хэрэгт хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Шалгасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллагаар нь авч үзэхэд Авлигатай тэмцэх газар 5 хэрэгт, Цагдаагийн байгууллага 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Дээрх хэргүүдээс Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаалтын 7 хэргийг шүүхэд шилжүүлж, 33 хэргийг хэрэгсэхгүй болгон, хааж шийдвэрлэсэн бөгөөд одоо 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс:
Авлигатай тэмцэх газар 5 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллага 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 33 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагаар шийдвэрлүүлж, 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн 7 хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, уг хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс 2 хүнд холбогдох 3 хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэж, 2 хүнд холбогдох 1 хэргийг цагаатгаж, одоо 3 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан байдлаар нь авч үзэхэд 1 иргэнийг 6 жилийн хорих ялаар, 1 иргэнийг 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.
Хэрэгсэхгүй болгож, хааж шийдвэрлэсэн 33 хэргээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 26 хэрэг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 7 хэрэг байна.
Цаашид Ажлын хэсгээс гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг хохироосон хэрэг маргаанд төрийн зарим албан тушаалтнууд холбогдсон асуудлын талаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар тогтсон байна.