АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ

Ардчилсан нам нь Монгол Улсад нүүрлээд байгаа олон асуудлын уг үндэс нь засаглалын хямрал мөн гэдгийг хариуцлагатайгаар дүгнэн, үүнийг таслан зогсоохын тулд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа, суурь зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай байж ирснээ энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.
Ардчилсан намын суурь үзэл баримтлал болох баруун төвийн үзэл санаа нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоог өргөжүүлэх замаар эдийн засгаа хүчирхэгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бататгах явдал билээ.
Түүнчлэн Ардчилсан нам үндэснийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн, парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хуульчлан баталгаажуулах түүхэн шийдвэрүүд гаргаж ирсэн юм.
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл нь Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн УИХ-ын сонгуулийн тойргийн томсгосон тогтолцоог бий болгох нь дараах үр дүнд хүргэнэ гэж үзэж байна.
• Улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох боломж бүрдэнэ.
• Сонгуульд мөнгөний хүчин зүйл буурч, танил тал, жалга довны хэлхээ холбоо биш бодлогод суурилсан улс төрийн орчин бүрдэнэ.
• Улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголт өргөжиж, намуудын тулгасан бус, харин иргэдийн дэмжсэн элч төлөөлөгчөө төрийн эрх барих дээд байгууллагад илгээх боломжтой болно.
Дээрх зарчимыг мөрдлөг болгон УИХ-ын сонгуулийн тойргийг томосгож, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад улс төрийн намуудын дарга, удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрлэхийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт үүрэг болгов.
Улс төрийн зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд заасан Монгол улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр цаашид УИХ-ын сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах, сонгуулийн тойргийг байгуулах асуудлыг сонгуулийн хуульд тусгах асуудлыг чухалчлан анхаарч, ардчиллын амин сүнс болсон чөлөөт сонгууль түүний явц, үр дүнг элдэв булхайгүй шударга байлгах шаардлагыг тууштай баримтлахаа онцлон тэмдэглэв.