Индонезийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөжээ

Индонезийн найм дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон, генерал асан Прабово Субианто ням гарагт тангараг өргөснөөр дэлхийд хүн амын тоогоор дөрөвдүгээрт ордог тус улсын удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарлаа.

 

П.Субианто тангараг өргөснийг тохиолдуулан олон арван мянган дэмжигчид Жакарта хотын гудамжинд гарч жагсах үеэр хамгаалалтыг чангатгасан байна. Үндсэрхэг үзэлтэй гэдгээрээ илүүтэй танигдсан 73 настай П.Субианто парламентын танхимд тангараг өргөснөөр Жоко Видодогийн халааг авчээ.

 

Тэрбээр Ж.Видодогийн хүү, дэд Ерөнхийлөгч 37 настай Гибран Ракабуминг Ракагийн хамт тангараг өргөсөн юм. Шинэ Ерөнхийлөгч ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Бид Индонезийн бүх ард түмний, тэр дундаа бидний төлөө саналаа өгөөгүй хүмүүсийн эрх ашгийг нэн тэргүүнд тавин Засгийн газрыг удирдах болно” гэв.

 

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улсад энэ оны хоёрдугаар сард болсон сонгуульд П.Субианто үнэмлэхүй ялалт байгуулж, 60 орчим хувийн санал авчээ. Ж.Видодогийн дэмжлэгийг авсан Батлан ​​хамгаалахын сайд асан П.Субианто “залгамж халааг хадгалах нэр дэвшигч” гэж өөрийгөө тодорхойлж, өмнөх төрийн тэргүүний бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байлаа. Тэрбээр Ж.Видодогийн дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах, Борнео хотод шинэ нийслэл байгуулах төлөвлөгөөнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ амласан байна.

 

Ж.Видодо, П.Субианто нар өмнө нь өрсөлдөгчид байсан бөгөөд П.Субианто 2014, 2019 оны сонгуулиудад ялагдал хүлээсэн юм. Хожим нь хоёр өрсөлдөгч улс төрийн хувьд нэгдэж, П.Субианто Ж.Видодогийн хүүг дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр сонгосон бол Ж.Видодо П.Субиантог өөрийн хуучин намаас нэр дэвшихийг дэмжжээ.

 

П.Субианто ням гарагт хэлсэн үгэндээ Индонез дэлхийн тавцанд эвсэлд үл нэгдэх байр суурийг баримтлах болно гэдгийг баталсан байна. Үүний зэрэгцээ тэрбээр Палестины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Газын зурваст нэмэлт тусламж үзүүлэхэд Жакарта бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Тангараг өргөх ёслолд оролцсон төр засгийн тэргүүн нарын дунд Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми, БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нар байв. АНУ-ын төлөөлөгчдийг тус улсаад НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд, Энэтхэг-Номхон далайн цэргийн бүлгийн командлагч Сэмюэл Папаро нар тэргүүлжээ.