УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ИЗНН-аас хөөх үү

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Үндэсний хорооны хурал өчигдөр (2024.10.20) болж, дэд дарга нараа чөлөөлсөн төдийгүй УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын нэр хүндийг унагаж байгаа үндэслэлээр хөөх санал гаргажээ.

Учир нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа нь энэ сарын 17-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй гишүүд хурууны хээгээ уншуулж, ирцэнд орчихоод чуулганы хуралдаандаа суухгүй байгаа тул тасалснаар бүртгэх шаардлагатай гэдэг санал гаргаж байсан юм. Энэ талаар тэрбээр “Чуулганы ирц дээр үг хэлэхгүй бол болохгүй нь дарга аа. Аргатай зальтай хэд хэдэн гишүүн байна.

Хурууны хээгээ уншуулчихаад гараад явдаг, бүтэн өдөржин хуралдаа орж ирдэггүй. Үг хэлэх болохоор орж ирж, попорчихоод гараад явдаг. Энэ хүмүүс өнөөдөр parliament.mn дээр ирцэнд орчихсон, бүртгэлтэй байгаа хэрнээ энэ танхимд суугаад иргэдээ төлөөлөх ажлаа хийхгүй байна.

Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Өнгөрсөн долоо хоногийн хоёр өдрийн хуралдаан дээр ч ирцээ бүртгүүлчихээд гараад явсан. УИХ-ын ээлжит бус чуулганаар ч тийм л байсан. Би бүгдийг нь ажиглаад байгаа. Би Ёс зүйн хороогоор орсон учраас шаралхаад ажиглаад байгаа юм биш. Ер нь бид яах гэж ийшээ орж ирсэн юм, иргэдээ төлөөлөх гэж орж ирсэн. Иргэдээ төлөөлөхийн тулд бусдынхаа асуултыг сонсоод яам, агентлагийн удирдлагууд ямар хариу өгөөд байна вэ гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө асуултад хариулт сонсчихоод явах юм бол яаж иргэдийг төлөөлөх ажлыг хийх гээд байгааг би үнэхээр гайхаж байна.

УИХ-аас иргэн төвтэй парламент бий болгоно гээд маш их цаг наргүй судалгаа, хэлэлцүүлэг, уулзалт хийгээд яваад байдаг. Гэтэл би төвтэй хэдэн гишүүн нь хуруугаа уншуулчихаад гараад явчихдаг байдлыг юу гэж ойлгох вэ. МАН, Ардчилсан нам ХҮН нам эвслийн Засгийн газар  байгуулаад эвссэн.

Сөрөг хүчин болж үлдсэн наймхан гишүүнтэй ИЗНН, Үндэсний эвслийн хоёр дарга нар нь хуралдаа суудаггүй, ирцээ бүртгүүлчихээд явчихдаг.

Манай намын дарга Б.Батбаатар байна, би гайхаж байна. Сүүдрийн Засгийн газар байгуулна гээд гайхуулаад л байгаа. Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж, яаж Засгийн газарт хяналт тавих гээд байгаа юм.

Худлаа попроод яваад байдаг. Би бол маш их эргэлзээтэй, маш их бухимдалтай байна. Тийм учраас ирцээ бүртгүүлчихээд нэг цагаар илүү хугацаагаар хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүдийг тасалснаар тооцдог болмоор байна гэдэг санал дэвшүүлж байна” гэж мэдэгдсэн билээ.

Шулуун шударга зангаараа олон танигдсан хүмүүсийн нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн М.Нарантуяа. Түүний хувьд УИХ-ын гишүүн болсны дараа чуулганы хуралдаандаа суухгүй найзынхаа барааг лайваар рекламдаж УИХ-ын Тамгын газраас банга хүртээд авсан.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр хуруугаа уншуулчихаад гарч явдаг гишүүдийг шүүмжилснийхээ төлөө ийнхүү намаасаа хөөгдөх дээрээ тулжээ.