Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй

Амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах өдрийн эмчилгээ, архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлэхгүй болсон гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Бүх эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сантай. Энэ сан хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас хүчин чадалдаа тулгуурлаж, бүх эмнэлэгтээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг нь хийсэн. Томоохон эмнэлгүүдэд гэрээний хэтрэлт үүсээд байна. Тухайлбал, Монгол-Японы эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, Нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэрээ хэтэрсэн асуудал үүссэн. Гэхдээ эдгээр эмнэлэгт гэрээ хэтэрсэн гээд нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огтоос байхгүй.

Харин архаг хууч өвчлөл буюу ялангуяа рашаан сувилал, архаг ядаргаа гэсэн оношоор хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн учраас ирэх оны санхүүжилтэд шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн.

Томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа тул эмнэлгээр үйлчлүүлж байхдаа халдвар авах, тархаах эрсдэлтэй учраас томуугийн улирал дууссаны дараа тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг хийж байна.

Эрүүл мэндийн яам цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж бодлогын арга хэмжээнүүдийг авч ажиллах нь хууль ёсных юм” гэлээ.