Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татна

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Сандаг-Очир “УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татна. УИХ-ын гишүүн байлаа ч Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхгүй шүү дээ. Заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ.

Сануулахад: Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.

Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцлоо гэж  мэдэгдсэн.

Тодруулбал, анхан шатны шүүх түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, дээрх нэр бүхий компаниудад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байсныг Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм.

Ийнхүү Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхой болоод байгаа юм.

УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэж заасан байдаг.

Иймээс УИХ-ын хувьд эл асуудлыг хэзээ хэлэлцэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаалж, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нөхөн сонгууль зарлагдах нөхцөл бүрдэж байгаа юм.