Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлжээ.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан байна.
2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв.
Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, П.Сайнзориг нар асуулт асууж, Б.Жаргалсайхан прокурор болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нараас хариулт авав. Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналтай холбогдуулан үг хэлсэн.
Х.Тэмүүжин гишүүн, прокурор ажлаа хуулийн дагуу шударгаар гүйцэтгэдэг байх, мэргэжлийн ур чадвараа шүүхийн өмнө гаргаж ажиллах нь энэ байгууллагын үнэ цэн гэдгийг тодотгоод энэ чиглэлээр зарчмын шинэтгэл хийх ёстой хэмээгээд Б.Жаргалсайхан прокурорыг өөрчлөлт хийнэ хэмээн найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцож буй шүүгч, прокурорын тусгай өмсгөлийн талаар мэдээлэл хуваалцаад, зохих өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийллээ. Эл саналыг Б.Энхбаяр гишүүн дэмжээд, шударга ёсны тогтолцооны цөм хэсэг нь прокурорын байгууллага гэж тодотгон байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг даргалж ажилласны хувиар зарим мэдээллийг дурдан, үүнтэй холбоотой прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаарх ажиглалтаа хуваалцан, саналаа хэлсэн юм. Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд улируулан томилохыг дэмжиж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлээд, прокурорын байгууллагын цахимжилтыг эрчимжүүлж, дуусгахтай холбоотой асуудлаар болон прокуроруудыг мэргэшүүлэхтэй холбоотой саналыг хэлсэн.
Б.Заяабал гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа хэмээгээд энэхүү албан тушаалд ажил, амьдралын арвин туршлагатай нэгнийг томилохын чухлыг онцлов. Үүний зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр анхаарч ажилладаг байх шаардлагатай гээд энэ шаардлагад Б.Жаргалсайхан прокурор нийцэж байна хэмээн үзэж буйгаа хэлсэн. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хараат бусаар, зоригтой ажиллахыг прокурорын байгууллагын хамт олонд уриалаад, хуулийн дагуу шударга ёсыг сахиулж ажиллахыг хүсэв. Хууль зүйн байнгын хороо бүрэн дэмжиж ажиллана хэмээгээд хүний эрхийг хангаж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлснээр авлигыг бууруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн тус байгууллага дотоод хэрэгцээндээ хиймэл оюуныг нэвтрүүлэн, дотоод хяналтдаа ашиглах боломжийн талаар санал хэлээд “Прокурорын байгууллагын хараа хяналтад Монгол Улсын иргэний дархан эрх хамгаалагдах ёстой” гэв.
Ингээд Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжсэн. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.