Фото: “UB food” фестиваль

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ.

Долоо хоногийн турш Сүхбаатарын талбайд үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа эхний өдрөөсөө л олны хөлд дарагдав. 11 дэх жилдээ болж буй фестивалийн гол онцлог нь Узбекистанаас манай улсад ирсэн мастер зэрэглэлийн 10 тогоочийн гарын хоол байх юм.

Тодруулбал, тэд узбек үндэстний брэнд болох плов, шорлог, самса, казан кебаб зэрэг хоолыг амтлуулж, тус улсын хоолны соёлыг монголчуудад таниулж байна. Түүнчлэн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гал тогооны лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. Учир нь манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимждэг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын үйл ажиллагааг зохион байгуулахыг зорьж байна. Мөн хотын иргэдэд олон үндэстний хоолны соёлыг сонирхуулж, дараагийн жилүүдэд ямар үндэсний хоолны өдөрлөг хийх судалгааг иргэдээс авсны үндсэн дээр зохион байгуулна” гэдгийг хэллээ.