Монгол Улсын Их хурлын даргын санаачлагаар зохион байгуулж байгаа “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцож буй “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаярын байр суурийг хүргэе.
Сүүлийн үед бондын зах зээл харьцангуй сайн хөгжиж эхэллээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дэргэд биржийн бус зах зээл байгуулагдаад 3 жил болох хугацаанд 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг үндэсний компаниудад татан төвлөрүүлж чадсан. Цаашид зөвхөн банкнаас санхүүжилтийн эх үүсвэрээ төвлөрүүлэх бус олон тулгууртай болгох нь бондын зах зээлийн хөгжил чухал юм. Бондын зах зээл хөгжиж чадвал зах зээлийн шударга өрсөлдөөн бий болж, хүүг бууруулах зэрэг ач холбогдолтой. Тиймээс үндэсний компаниудад бондын зах зээлийг таниулж, ойлгуулах нь чухал байна. Энэ удаад топ 100 аж ахуйн нэгжид хандаж, 5 тэрбум төгрөг хүртэлх бондыг жилийн хугацаатай гаргасан тохиолдолд шалгуурыг багасгаж, олон нийтэд санал болгох арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Олон улсын туршлагаас харахад хөрөнгийн зах зээл давамгайлдаг. Бондын зах зээл өгөөж нь тодорхой, эрсдэл харьцангуй бага учраас хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Манай иргэдийн санхүүгийн мэдлэг бондоос илүү эрсдэл хүлээдэг хувьцаагаар хязгаарлагдаж ирсэн учраас хөгжлийн цаг хугацааг алдсан байна. Засгийн газраас дотоодын үнэт цаасны зах зээлийг дэмжих зорилгоор бондын арилжаа эхлүүллээ. Хүүгийн түвшинг бууруулахын тулд эхлээд жишиг хүү тогтох ёстой. Засгийн газрын бонд жишиг хүүг тогтоодог учраас дараа дараагийн зах зээлд гаргах бондын хүү багасах боломж бүрдэнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны санхүүжилт хөрөнгийн зах зээлээс олдохгүй байсан шалтгаан бол жишиг хүүг тогтоож чадаагүй байсных юм. Засгийн газрын бонд 2-3 жилийн хугацаатай гарсан байна. Цаашдаа 5,10 жилийн хугацаатай бонд гаргавал эдийн засгаа төлөвлөх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, дотоодын аж ахуйн нэгжүүдэд доод тал нь 3 жилийн бизнесийн төлөвлөгөөг гаргаж, хөгжих боломж илүү бүрдэх юм.