Өнгөрсөн онд дэлхийн цэргийн зардал 2.7 их наяд америк доллараас давсан гэж Шведийн Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсан байна.
Энэ нь 2023 онтой харьцуулахад нийлбэр дүнгээрээ цэргийн зардал дэлхий дахинд 9.4 хувиар өсжээ.
Энэ үзүүлэлт нь өсөлтийн хурдаараа 1989 онд Хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн хурдацтай өссөн тоон үзүүлэлт болжээ.
Украины дайн гурав дахь жилдээ үргэлжилж нь ОХУ болон Европ тив даяар цэргийн зардал нэмэгдэхэд хүргэж байгааг тус хүрээлэнгийн тайланд онцолжээ.
ОХУ-ын цэргийн зарлага өнгөрөгч онд 38 хувиар нэмэгдэж, 149 тэрбум америк долларт хүрсэн бол Украины зардал 2.9 хувиар өсөж, 64.7 тэрбум америк долларт хүрсэн байна.
Украин улс 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 34 хувийг цэргийн зардалд зарцуулсан нь энэ салбарт хамгийн их зардал гаргасан улс болсон байна.
НАТО-гийн гишүүн 32 улс өнгөрсөн онд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн бөгөөд Германы цэргийн зардал 28 хувиар өсөж 88.5 тэрбум америк доллар болсон бол Польшийн цэргийн зардал 31 хувиар өсч 38 тэрбум америк долларт хүрсэн байна. Шведийн цэргийн зардал 34 хувиар өсч, 12 тэрбум долларт хүрчээ.
Цэргийн зардлын нийт дүнгээрээ АНУ дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал тус улс 997 тэрбум долларыг зарцуулсан нь дэлхийн нийт цэргийн зардлын 40 орчим хувийг эзэлж байна. Хятад цэргийн зардлаа 7 хувиар өсөж, 314 тэрбум долларыг зарцуулсан үзүүлэлтээрээ АНУ дараа бичигдэж байна.
Япон улс батлан хамгаалах салбартаа 21 хувиар өсөж, 55.3 тэрбум долларт хүрч, 10 дугаарт оржээ. Энэ нь тус улсын хувьд 1952 оноос цэргийн зардлаа хамгийн их хэмжээгээр өсгөсөн үзүүлэлт болжээ
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250428_03/