Авто тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын төсвийн байнгын хороо маргааш буюу Мягмар гаригт авто тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэхээр болсон байна.


НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус шйидвэр хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатарын тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурсан. Ингэснээр УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан юм. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс 2013 оноос хойш тус татваруудыг нэмээгүй байж энэ жил ийнхүү 3-5 дахин нэмсэн нь учир дутагдалтай. Мөн шалтгаан, шаардлагаа иргэдэд мэдээлэхгүйгээр нэмсэн нь буруу гэж үзсэн байдаг.

Учир нь хотын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх тухай цахимаар санал авахад хоёрхон иргэн санал өгсөн аж.

Жолооч нар тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч харилцан адилгүй татвар төлдөг. Тэгвэл дээр хэлсэнчлэн тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнээр иргэн хэдэн төгрөгийн татвар төлөх вэ?

1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 3 дахин нэмэгдүүлж буюу 108 мянган төгрөг төлөхөөр байна. Тэгвэл дээрх тээврийн хэрэгсэл автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол мөн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 мянган төлөх юм. Өөрөөр хэлбэл, 1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл авто тээврийн хэрэгслийн татварт нийт 208000 төгрөг төлөхөөр болсон.

Харин 3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 114,048төгрөг төлдөг басан бол 3 дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг тээврийн хэрэгслийн албан татварт төлөхөөр болж байна. Мөн автозам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан тэгвэл одоо 200 мянган төгрөг төлөхөөр болоод байгаа юм.

3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл авто тээврийн хэрэгслийн татварт нийт 542144 төгрөг төлж байна.

Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй. Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй. Нийслэлд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Гэвч  228,710 иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлжээ.