Өнгөрсөн пүрэв гаригт /2020.01.08/ УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Шинжлэх Ухааны байнгын хороогоор “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Надад байгаа мэдээллээр 10 сая буюу түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлүүд бүгд оны сүүлээр буюу зөвлөмж гарсны дараа гарсан байсан шүү. Нийт үнийн дүн нь ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм билээ. Энэ бол нотолгоотой баримт. Үүгээр бол зөвлөмж чинь арванхоёрдугаар сарын 30-31-нд гараагүй, тэрнээс өмнө гарсан байж таарах гээд байна. Эсвэл зөвлөмж гарах нь тодорхой болчихсон байж” хэмээн мэдэгдэж иргэдийг бухимдуулсан.
Тэгвэл Монголбанкнаас түүний мэдээлэл шатаа болохыг батласан тэтгэврийн зээлийн статистикийн мэдээллийг гаргажээ.
Монгол банк:Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав
Банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэврийн зээлийн дүнг зурагт харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм.
Зураг 1. Тухайн сард олгосон тэтгэврийн зээл, тэрбум төгрөгөөр
Эх сурвалж: Банкуудын зээлийн тайлан, Монголбанк