СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН, БНХАУ-ЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД СҮН ЕЛИТЭЙ УУЛЗЛАА. ҮҮНИЙ ХҮРЭЭНД 2025 ОНД БНХАУ-Д ЗОХИОГДОХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСЫГ ОНЦЛОХ УЛСААР ТОДРУУЛАН ОРОЛЦУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО

Аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чиглэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзлаа. Уулзалтын үр дүнд, 2025 онд БНХАУ-д зохион байгуулагдах олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол Улсыг онцлох улсаар тодруулан оролцуулахаар тохиролцлоо.
Энэ хүрээнд:
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил дамнасан маршрутуудыг хамтран сурталчлах,
Хятадын нэр хүндтэй нөлөөлөгчдийг Монгол Улсад аялж, сошиал медиагаар дамжуулан сурталчлах,
 “China International Travel Mart” болон “China Outbound Travel & Tourism Market” зэрэг олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг албан ёсны түнш улсаар оролцуулах,
Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын танигдах байдлыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.
Мөн соёлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд дараах алхмуудыг хийхээр хэлэлцлээ:
Хамтарсан соёлын үзэсгэлэн зохион байгуулах,
2011 онд байгуулсан “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдахаас сэргийлэх тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн эсрэг хамтран ажиллах,
Дэлхийн өвийг хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлж, “Цайны зам”-ын дагуух соёлын өвийг Монгол, ОХУ, БНХАУ-ын нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тохиров.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалт амжилттай урагшилж буйг онцолж, БНХАУ-ын зүгээс үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлэв.