Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Төгөлдөрөөс дараах асуултад хариулт авлаа.
– Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг бүртгэх, хадгалах, түүнтэй холбоотой өмчлөх эрхийн бүртгэлийг хөтлөх тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага юм.
– Үнэт цаасны арилжаанд иргэд хэрхэн, яаж оролцох вэ?
Иргэд, ААН-үүд Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниудаас сонгон үнэт цаасны данс нээлгэснээр арилжаанд орох эрх нь нээгдэнэ. Үнэт цаасны компаниуд харилцагчийн захиалгын дагуу үнэт цаас худалдах худалдан авах, зуучлалын үүргийг гүйцэтгэдэг.
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг хүртээнэ гэх асуудлаас эхлэн Монголчууд бид хувьцааны талаар сонирхож эхэллээ. Гэсэн ч иргэдийн хувьд энэ мэдээлэл ойлгомжгүй, хол хэвээр байна. Ногдол ашиг, хувьцаа гэж юу вэ?
Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 28 жил болсон байна. Анх Хөрөнгө оруулалтын эрхийг бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар иргэд өмч хувьчлал, хувьцаатай танилцаж байжээ. Хувьцаа гэдэг нь ямар нэгэн компанид хѳрѳнгѳ оруулж, түүний орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм.
Харин ногдол ашиг нь Хувьцаат компанийн тайлант хугацаанд олсон ашгаас хувьцаа эзэмшигчийн хүртэх ашиг юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд ногдол ашиг тараахгүйгээр компанийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологит хөрөнгө оруулдаг. Тийм болохоор хувьцаа эзэмшигчид хуралдаа идэвхтэй оролцож компанийн үйл ажиллагаа, тайлантай танилцаж байх нь чухал.
Харин ногдол ашиг нь Хувьцаат компанийн тайлант хугацаанд олсон ашгаас хувьцаа эзэмшигчийн хүртэх ашиг юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд ногдол ашиг тараахгүйгээр компанийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологит хөрөнгө оруулдаг. Тийм болохоор хувьцаа эзэмшигчид хуралдаа идэвхтэй оролцож компанийн үйл ажиллагаа, тайлантай танилцаж байх нь чухал.
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд хуваарилсан 1072 ширхэг хувьцааг хоёрдогч зах зээл дээр гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг сүүлийн үед нэлээд эрчимжүүлж байна. Үүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос өмнө төрсөн Монгол улсын нийт иргэдэд эзэмшүүлэх ажлыг манай компани амжилттай хэрэгжүүлж, бичилтийг хийсэн. Харин МУ-ын Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр эзэмшүүлсэн байдаг. Иймд МУ-ын Засгийн газраас үнэт цаасны өмчлөх эрх шилжиж болох эрхийг нээх шийдвэр гарах хүртэл манай байгууллага нийт хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг хадгалах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах зар цахим орчинд тарж байна. Ингэж худалдах, худалдаж авахад эрсдэл бий юу?
Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй аль ч иргэн болон ААН захиран зарцуулах эрх нь хаалттай байна. Хувьцаагаа бусдад борлуулах, бэлэглэх, өв залгамжлах эрх нь үүсээгүй гэсэн үг. Иймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэн болоод ААН-үүд хувьцааг худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автагдахгүй байж, мөн нөгөөтэйгүүр баталгаатай эзэмшиж байгаа эсэх талаарх мэдээллийг манай компанийн WWW.MCSD.MN цахим хуудсаар нэвтрэн орж, регистрийн дугаараар хувьцаатай эсэхээ мэдэж авах боломжтой.
-Өмч хувьчлалын үеэр хүмүүс тарааж өгсөн цэнхэр ягаан тасалбарын тухай асуудал байсхийгээд хөндөгддөг. Үүнтэй холбоогоор хаана ямар хувьцаатай гэдгээ мэдэхгүй иргэд олон бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ ямар компанид өгснөөс шалтгаалж хүмүүсийн хувьцаа янз бүр байдаг. Жишээлбэл, одоо хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, жил бүр ногдол ашиг хувиарладаг Хувьцаат компани байхад үйл ажиллагаа нь зогсож татан буугдсан компани ч байдаг. Тухайн үед иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл муу байснаас гадна хууль эрх зүйн орчин хангалтгүй байсантай холбоотойгоор Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ үнэгүйдүүлсэн тохиолдлууд бий.
Харин одоо техник технологийн тусламжтайгаар хүссэн мэдээ мэдээллээ цаг алдалгүй авч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэн хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой болсон. 158989 тусгай дугаар регистрийн дугаараа зааврын дагуу явуулснаар Та Үнэт цаасны данстай эсэхээ мэдэх бөгөөд ирсэн Үнэт цаасны компанид очиж цэнхэр ягаан тасалбарын тухай мэдээллээ авах бүрэн боломжтой.