“Ковид-19” цар тахлыг харуулсан “Улаан шугам” баримтат кино бүтээжээ

“Vast Mongolia” продакшны уран бүтээлчид “Ковид-19” цар тахалтай хэрхэн нүүр тулсан талаар харуулсан “Улаан шугам” баримтат кино бүтээжээ. Тус кино энэ сарын 18-нд телевизүүдээр олон нийтэд хүрэх гэж байна.

Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны зургаадугаар сараас өрнөж, 2021 оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх аж. Мөн дотооддоо халдвар алдсан үеэс эхлэн өнгөрсөн наймдугаар сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтууд зохиолд бүрэн тусгагджээ.

Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүхэнд тулгуурлан кино зохиолыг гаргажээ.

Зураг авалтыг цар тахлын үед “Ковид-19”-ийг эмчлэх эмчилгээ, үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага болох НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллагад хийж гүйцэтгэжээ.