Н.Ганхуяг, Д.Содонмдорж нарт Ардын багш цол хүртээв

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж дараах хүмүүст Ардын багш цол хүртээлээ. Үүнд:

– Соёл урлагийн салбарт тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа соёл урлагийн салбарын бодлогын шинэчлэлд түүчээлэн оролцож, салбарын мэргэжилтэн бэлтгэх, сургалтын заах арга зүйг боловсронгуй болгох, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, 10 гаруй жүжгийн зохиол, 40 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, тайз дэлгэцийн олон арван бүтээл найруулан тавьж, соёл урлагийн салбарт авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэн төрүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлс болон соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Соёл урлагийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор Найдангийн Ганхуяг,

– Монгол Улсын боловсролын салбарт 50 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, эрчим хүчний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр ашгийн тооцоолол, техникийн шийдлийг гаргахад идэвх санаачилгатай ажилласан, эрчим хүчний салбарын боловсон хүчин, инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, сургалт, заах арга зүйг боловсронгуй болгох, сургалтын орчны материаллаг баазыг бэхжүүлэхэд гаргасан хичээл зүтгэл болон 50 гаруй сурах бичиг, 120 гаруй гарын авлага, олон судалгааны төсөл, 260 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дээд боловсролын салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Зөвлөх профессор, Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш Дарийн Содномдорж нарт тус тус Ардын багш цол хүртээсэн байна.