Токио дахь буддын шашны эртний Зожожи сүмд, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр халдлагад өртөн, амиа алдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог сүүлчийн замд нь үдэх ёслол болж байна. Энэхүү ёслолд талийгаачийн бэлэвсэн эхнэр Акиэ Абэ, гэр бүлийн гишүүд болон ойр дотны хүмүүс нь оролцож байгаа ажээ.
NHK агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн Даваа гаригт Абэтэй салах ёс гүйцэтгэх ёслолд түүний улс төрийн холбоотнууд болон гадаадын нэр хүндтэй зочид, бизнесийн удирдагчид тэргүүтэй 2500 орчим хүн оролцсон байна.
“Japan Today”-д мэдээлснээр, тэдний дунд ОХУ-ын Элчин сайд Михаил Галузин байсан аж. Мөн тус ёслолд Японд айлчилж буй АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен оролцсон талаар Сангийн яамны ажилтан мэдэгджээ.
Эзэн хаан Нарухито, Хатан хаан Масако нар бие төлөөлөгчөө илгээсэн байна. Японы зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп оршуулах ёслолд оролцож магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч энэ нь батлагдаагүй аж.