Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна.
2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа. Хамгийн том гурван ажлаас дурдвал газар чөлөөлөлтийн ажилд 88 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Нийт 390 тэрбум орчим төгрөгийн газар чөлөөлөлтийн нөхөн олговор шаардлагатай байгаа. Үүнд нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувийг төсөвлөсөн. Хоёрдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус зорчиж байна. Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, нийтийн тээврийг цогц шинэчлэхэд нэмж 1430 автобус шаардлагатай байгаа. Үүнээс 1130 автобусыг 2020-2024 онд шинэчлэхээр тооцоолсон. Урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтэд үйлчилж буй хоёр давхар автобус болон сургуулийн автобус зэрэг 100 орчим автобус одоогоор орж ирсэн. Үлдэгдэл автобусуудыг ирэх 11-12 дугаар сарын үед ирэх төлөвлөгөөтэй байна. Гурав дахь асуудал нь 170 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил юм. Энэ жил 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тус тус шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дөнгөж 100 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах хүчин чадалтай байсан. Гэтэл цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд бий. Тиймээс энэ жил богино хугацаанд 32 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулсан. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр түгжрэл 20 хувиар буурна гэсэн судалгаанд үндэслэж энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн юм. Ирэх жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Үндсэндээ НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум төгрөгийг дээрх гурван төрлийн ажилд зарцуулаад байна.
Нийслэлийн хэмжээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж буй юм. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд олгож байна. Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгаж газар чөлөөлөх ажил ч үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ онд 188 байршилд 4860 гарааш буулгахаас 3621 гараашийг буулгаад байна. 376 байршилд 20.2 км хашаа хайс буулгахаар төлөвлөснөөс 198 байршилд 9.5 км хашаа хайс буулгасан. Чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, замын байгууламж, зогсоол болгон тохижуулж байна. Энэ ажилд 31 тэрбум төгрөг зарцуулж байгаа.